2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна.
Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй юм.
ЦССҮТ өнөөдрийн байдлаар нийтдээ 70 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн төвүүдэд мөн тооны хүмүүс ажилладаг байна. Цус, цусан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ цаашид жил тутам 14-15 хувиар өсөх тооцоо гарсныг ЦССҮТ-ийн ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэбаяр ярьсан байна.