“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: “Улс төрийн нам нь “намчин” хулгайчдаасаа салж, иргэдээ хамгаалдаг хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна

"Үндэсний эвсэл” байгуулагдаад 100 хоногийн босгон дээр гишүүдийнхээ дунд “Иргэн баян бол улс баян” арга хэмжээг зохион байгуулжээ. Эвслийн брэндинг болон аппликейшнийг танилцуулах энэ арга хэмжээнд 1000 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн байна. 
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн нам нь “намчин” хулгайчдаасаа салж, эрүүлжих, эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” хэмээн онцолжээ. 
Мөн энэ үеэр эвслийн гишүүд “Төр ба хувийн хэвшил”, “Төрийн албаны инновац”, “Хууль эрх зүй” гэсэн сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлууд, олон улсын жишиг, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Төр нь хувийн хэвшилтэй чанаргүй менежментээр өрсөлддөг, төрийн нэрээр “намчид” засаглаж, төрийн албаны нэр хүндийг унагадаг, улмаар хуулийн нэрээр өөрсдийгөө хамгаалах “цайз” бий болгосон гэдэгт гишүүд шүүмжлэлтэй хандаж байжээ.
“Үндэсний Эвсэл” нь үнэн бөгөөд шилэн байх зарчимтай гэдгээ анх зарлаж байв. Энэ хүрээнд гишүүд хоорондоо нээлттэй харилцах, хэлэлцэх, олон нийтэд ч бодлогоо ил тод хүргэх боломжтой “Evsel” аппликейшнийг хөгжүүлснээ мөн зарлалаа. Ингэснээр дарга дангаар зааварладаггүй бүгдээрээ хэлэлцдэг, эргэх холбоотой соёлыг улс төрийн хүчнүүд дунд анх нэвтрүүлж байгаа ажээ.