Анх 2012 онд "Making The Band -3” шоугаар олонд танигдаж, 2015 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн AM-C буюу Г.Энх-Амартай ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа.
-Баярлалаа, чамд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
-Та анх хэзээ урлагийн хүн болъё гэж шийдсэн бэ?
-Бага байхаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Тэр хүслээ ч биелүүлж СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Харин дуу дуулахын хувьд 2015 оноос ганцаараа уран бүтээл хийж эхлээд үүнд дуртайгаа мэдсэн. Уран бүтээл хийхийн тулд яаж шүлэг бичиж, ая, аялгуугаа хэрхэн бүтээдгийг мэдэрснээр тэр бүхэнд дурлаж, уран бүтээлч болсон юм уу даа.
-Дуу хөгжим таны амьдралд ямар орон зайг эзэлдэг вэ?
-Маш том орон зай эзэлдэг. Дуу хийхийн тулд олон төрлийн хөгжим сонсож, судалгаа хийх хэрэгтэй болдог. Тэр утгаараа би дуу хөгжмийг дагадаг эсвэл, дуу хөгжим намайг дагадаг ч юм шиг, миний амьдрал дуу хөгжимтэй салшгүй холбоотой.
-Хамгийн анх ганцаараа уран бүтээл хийхэд ямар байсан бэ?
-Siente найзтайгаа хамтарч бүтээсэн “Habibi” дууныхаа клипийг хамгийн анх цацаж байсан. Тэр үед яагаад ч юм энэ дуу их олон хүнд хүрэх юм шиг санагдсан. Гэхдээ онгирч тэгж бодоогүй шүү. Зүгээр л мэдэрсэн. Яг л миний бодсоноор биелэлээ олсонд их талархдаг.
-Оны өмнөхөн хоёр дахь цомгоо гаргаж, тухайн өдрөө бүгд зарагдаж дууссан тухай сонссон. Ер нь хэчнээн цомог гаргасан бэ?
-2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд гаргасан "Gund” цомгоо нийт 700 ширхэгийг хэвлүүлсэн. Бүгд тухайн өдрөө зарагдсан шүү. Маш олон хүн цомгийн баярт ирж, баяр хүргэсэн сайхан үйл явдал болсон доо.
-Дуучин Укагийн продакшны анхны артист болсон түүхээсээ хуваалцахгүй юу. Түүнтэй хамтарч ажилласнаар хэр их зүйл сурч байна?
-Эртнээс Ука эгчийг таньдаг, холбоотой байдаг байсан л даа. Ингээд 2019 онд түүний продакшны артист болсон. Бидний хамгийн анхны хамтарсан уран бүтээл “Gund” цомог байлаа. Түүнтэй хамтарч ажиллахад үнэхээр сайхан байдаг. Ука эгчийг хүндэлж, хөдөлмөрч гэдгийг мэддэг учраас бүх зүйлээс нь үлгэр дуурайлал авдаг.
-Ганцаараа ажиллах, продакшнтай хамтарч ажиллахын ялгаа нь юу вэ?
-Одоогоор Монголын урлаг, энтертаймент зах зээл гадаадын улс орнууд шиг өндөр түвшинд хөгжөөгүй учраас надад ялгаа нь төдийлөн мэдрэгддэггүй. Тиймээс артистууд ганцаараа ажиллах, хамт олон продакшнд харъяалагдан ажиллах эсэх нь тухайн хүний л сонголт. Ер нь яаж ч ажилласан бай аливаа ажлын эхлэл бүхэн хэцүү байдаг шүү дээ. Азгүйтэл, бэрхшээл тохиолдох нь гарцаагүй. Тиймээс тэр бүхнийг давах арга ухаан хэнд байна, тэр хүн л амжилтад хүрч чадна.
-Уран бүтээлч болсноос хойш танд тохиолдсон азтай, олзуурхууштай явдлуудаасаа хуваалцвал?
-Тэмка (Siente) гэдэг найзтайгаа танилцаж нөхөрлөснийгөө азтай гэж боддог. Мөн намайг гэртээ гуниглан хэвтэж байхад Ука эгчээс дуудлага ирсэн мөч. Энэ хоёр миний уран бүтээлчийн амьдралд тохиосон хамгийн том аз завшаан байсан. Түүнээс хойш өөрийн хүсэл мөрөөдөл, аз жаргалтай амьдралын төлөө өдөр бүр хөдөлмөрлөж байна даа.
-AM-C бүх дууныхаа үгийг өөрөө зохиосон уу. Та сонсогчдодоо дуугаараа юуг мэдрүүлэхийг хүсдэг вэ?
-Тиймээ, бүх дууныхаа үгийг өөрөө зохиодог. Надтай адил үгээ өөрөө бичдэг артистууд дуундаа яаж ч хийсвэр төсөөлөл ашигласан гэсэн мэдрэмжээ л шингээдэг. Дууг минь олон хүмүүс таалж, сонсоосой гэж бодон дууныхаа үгийг бичнэ. Миний дууг сонсдог хүмүүс дандаа гоё хүмүүс байдаг гэж боддог шүү. Гоё ганган гэдгээрээ биш мэдрэмжтэй бас ухаалаг хүмүүс байдаг гэж итгэдэг. Тиймээс сонсогчдодоо бүхий л сайхан зүйлсийг мэдрүүлэхийг хүсдэг.
-Фенүүдээс нь магтаал, шүүмжлэл хэр их ирдэг вэ. Хэрхэн хүлээж авдаг вэ?
-Одоогийн байдлаар намайг ухаартал шүүмжилсэн зүйл алга. Ер нь залуу уран бүтээлчдийг муулж, доромжилсон сэтгэгдэл, мессеж дийлэнх хувийг эзэлдэг шүү дээ. Гэхдээ тоохоо болиод удаж байна. Мэдээж ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнийхээ шүүмжлэлийг хүлээж авдаг.
-Ямар жанрын дуунд дуртай вэ?
-Надад ганцхан төрөл жанрын дуртай дуу хөгжим гэж байхгүй. Хүмүүс нэг л төрлийн дуу сонсоно гэж байхгүй шүү дээ. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаас хамаарч бүх л төрлийн дууг сонсоно. Гунигтай үедээ өөрт таалагдсан хайрын дууг, шоудах үедээ хип хоп, хаус, сlub banger зэргийг сонсдог. Энгийн үед техно сонсоно ч гэх юм уу. Орчин үед ямар хөгжмийг хүмүүс түлхүү таашааж байна түүнийг л сонсдог.
-Та жүжигчин мэргэжилтэй. Кинонд тоглох, дуулахын аль нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?
-Би жүжигчин мэргэжилтэй ч одоогоор олон кинонд тоглож амжаагүй.Намайг жүжигчин гэдгийг фенүүд маань л мэддэг байх. Цаг нь болохоор олон гоё кинонд тоглох байх. Одоогоор "Монгол HD" телевизийн “Гацуурхан II”, “Огтлолцол” кинонд дүр бүтээсэн. Харин гурав дахь кино маань коронавирусээс болж дэлгэцээр гарах хугацаа нь хойшлогдсон. Тиймээс одоогоор дуу дуулах нь миний карьерийн ихэнх хувийг эзэлж байгаа учраас дуунаасаа сайхан мэдрэмж авч байна.
-Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе?
-Би өөрөөрөө цаг үргэлж бахархдаг /инээв/. Хөөрсөн гэж ойлгож болохгүй шүү. Ер нь өөртөө итгэх дуртай. Би л өөртөө итгэхгүй бол хэн надад итгэх вэ гэж боддог. Дууныхаа шүлгийг бичээд, дуугаа цацсаны дараа эсвэл дуу хууртай холбоогүй ч бай ямарваа ажил бүтээсний дараа ч юм уу өөрийгөө урамшуулахыг боддог.
-Найз охинтой юу?
-Болоогүй л байна.
-Хамгийн сүүлд хэзээ дурласан бэ. Ер нь хэр дурламтгай вэ?
-Яг үнэнийг хэлэхэд дурлалын тал дээр би ханаж цаддаггүй. Дурламтгай. Заавал үерхэж хамт байхгүй ч гэсэн дурладаг үе байдаг шүү дээ. Тийм болохоор миний дуунуудын ихэнхийг хайрын сэдэв эзэлдэг. Өөрийн мэдэлгүй хайрын тухай шүлэг орж ирнэ. Ном уншиж байхдаа эсвэл, энгийн үеүдэд ч эмэгтэй хүний тухай бодож, судалдаг. Ер нь би их дурламтгай хүн /инээв/.
-Арван жилийн дараах AM-C ямар байх бол?
-Надад их бодогддог зүйлийг асуулаа шүү. Арван жил гэлтгүй ирээдүйд биеэ сайхан авч явдаг, амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай, илүү сайхан сэтгэлтэй, нөлөө бүхий хүн болсноор төсөөлж байна.
-Харин гэр бүлийн хувьд?
-Би гэр бүлийг нэг их төлөвлөдөггүй. Дурламтгай хүн учраас хэзээ ч, хэнд ч сэтгэлийн жолоогоо алдаж магадгүй. Тиймээс төлөвлөж төсөөлнө гэдэг хэцүү. Би 30 настайдаа эхнэртэй болно гэж бодоод явж байтал яг одоо хэн нэгэнд галзууртлаа дурлахыг ч үгүйсгэхгүй. Гэр бүл гэдэг бол маш их хайр, хариуцлага учраас төлөвлөхөд амаргүй л дээ.
-Энэ жилийн уран бүтээлийнх нь төлөвлөгөө юу вэ?
-Ер нь таван сар хүртэл уран бүтээлээсээ хэсэг завсарлага авч амрах бодолтой байсан ч коронавирус тархаад нэг бодлын хэцүү санагдаж байна. Гэхдээ гэртээ амарч, бусад ажил төрлөө зохицуулахад илүү цаг зав гарсан. Мэдээж ноднингоос илүү хичээж, хөдөлмөрлөх зорилготой байгаа нь тодорхой.
- Ингэхэд коронавирусийн нөлөө урлагийнханд яаж мэдэгдэж байна?
-Олон нийтийн бүх арга хэмжээ цуцлагдсан учраас уран бүтээлээ хийж, өөртөө цаг зав гаргах боломж илүү олдож байгаа байх. Нөгөө талаар нөхцөл байдлаас болж санхүүгийн асуудал үүсэж байгаа болов уу. Уг нь энэ жил бие даасан цомог болон тоглолтоо хийж, реппер FLA-тай хамтарсан цомгийн ажил хийхээр төлөвлөж байлаа. Гэхдээ одоогоор юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна.
Ярилцсан: Г.Энхтуул