Сэтгүүлч Р.Эмүжин: Хөтлөлцөөд театр ор доо
Хоёр оо, УИХ-ын танхим бол ший янгууны тайз биш, тэнд нэг их жүжиг дэглээд, нэг нь асууж гоцроод, нөгөөх нь хариулж хөмсөг шүү юмаа атируулаад, бүтэн 20 минут, 126 үзэгчийн дунд гол дүрд тоглоод байх шаардлагагүй. Жүжиг тавьдаг тайз болгож байгаа юм бол Парламентын танхимдаа улаан хүрэн хөшиг татаж, гэрэлтүүлэгч хөлсөлж, өөрсдөө тайз урлагийн торгон гоёлтой, тайчих урлагийн торон гивлүүртэй, ший янгууны нүүр будагтай, шилмэл жүжгийн тосон хоолойтой болж ирээрэй.
Эсвэл та хоёр УДЭТ-тай ярьж түрээсээр цаг захиалж авна уу даа. Нэг бол тэр телевизийн ярилцлагын шоу руугаа хөтлөлцөөд яв даа. Төрийн ажил нь драм цаашаа, түмний амьдрал нь дарамт цаашаа байгаад л байх юм уу? Бид жүжиг кинонд биш, бодит амьдрал дээр амьдарч, алалцаж, зээлээ төлж, бизнесээ чирч, үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, унаж босч, ухарч урагшилж, цэцэрлэгийн сугалаанд азгүйтэж, сургуулийн гурван ээлжинд гундаж явдаг эгэл ард юм аааа, энэ хоёрын тавилттай жүжиг, төсөвтэй дүрээр л дутаж гэнэ!
Ер нь бол лайвчин нь УИХ-ын танхимд лайвдчих гээд, ярилцлагын хөтлөгч нь ярилцлагаа хийчих гээд байх чинь ёс зүйгүй хэрэг шүү.