Европын төв банк инфляцаас үүдэж бодлогын хүүгээ өсгөх дохио өгөв

 Цар тахлын үеийн мөнгөний хэт зөөлөн бодлогоо харьцангуй удаан хадгалж буй Европын төв банк бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өглөө.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр тус банкны ерөнхийлөгч Кристин Лагард “Хэрэв 9 дүгээр сарын төсөөллөөр 2024 оны инфляц 2.1% болон түүнээс өндөр хувьтай байхаар бол бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиас дээш хэмжээгээр өсгөнө” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Бид инфляцыг хязгаарлахын төлөө тууштай, шийдэмгий байх ёстой” гэдгийг хэвлэлийнхэнд онцолсон байна. Зах зээлд оролцогчид тус банкийг дараагийн хоёр уулзалтаар бодлогын хүүгээ нийт 0.75 нэгж хувиар өсгөж магадгүй гэх хүлээлттэй байна. Австри, Нидерланд, Латви, Словакийн төв банкны ерөнхийлөгч нар энэ зун гэхэд Европын төв банк 0.5 нэгж хувиар хүүгээ өсгөж магадгүй талаар байр сууриа илэрхийлээд буй юм.

 Евро бүсэд инфляц өнгөрсөн сард 8.1% буюу түүхэн дээд түвшиндээ хүрч, шинжээчдийн таамгийг даваад байна. Тус тивд инфляц ийнхүү өндөр түвшинд хүрэхэд эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт голлон нөлөөлөөд байгаа юм. Улсуудаар нь задалж харвал Герман, Франц, Испани зэрэг томоохон эдийн засгуудад инфляц 5.8-8.7 хувь буюу хүлээлтээс өндөр түвшинд байна. Европын төв банк инфляцыг 2%-д тогтворжуулахыг зорьдог бөгөөд одоогийн инфляцын түвшин үүнээс 4 дахин өндөр юм.