Монгол Улсын агаарын ачааны 90 орчим хувийг нэвтрүүлдэг БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаар дамжин тээвэрлэгдэж буй ачааны хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдээд байна. 2021 оны 8 дугаар сараас манай улсын чиглэлд 90 орчим нислэгийг улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийн захиалгаар 7 хоног бүрийн Лхагва, Бямба гарагт “Air Incheon” компани нислэг үйлдэж, ачаа тээврийн хүндрэл бэрхшээл, үнийн өсөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа билээ. Инчон-Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн нислэгийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх зорилгоор улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийг БНСУ-ын “Air Incheon” компанийн Монгол дахь “Албан ёсны төлөөлөгч”-өөр томилох тухай гэрээг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Инчон хотноо талууд байгуулав. Уг гэрээнд Ландбридж компанийн Ерөнхий захирал Д. Энхтүвшин, “Air Incheon” компанийн Ерөнхий захирал Пак Ён Гван нар гарын үсэг зурж, Сөүл дэх ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж. Оюунбаатар, зөвлөх П. Батсайхан нар уг ёслолын арга хэмжээнд байлцжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам