УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж:
АНХААР‼️🆘
Монголын төрийн эрхэнд гарсан бүлэглэл ойрын үед Монголыг Хятад, Орос хоёрт хямдруулан бөөндөж зарах гэж улайрч байна
ДАЛАЙД ГАРЦГҮЙ МОНГОЛ АГААРТ ГАРЦГҮЙ БОЛОХУУ
Чингис хаан олон улсын нисэх буудлын шатахууны дэд бүтцийг 20 жилийн хугацаатай, цуцлах боломжгүй гэрээгээр шилжүүлж, маргаан гарвал Оросын шүүхээр шийднэ.
Энэ бол Оюун-Эрдэнийн засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хэлэлцээр. Энд нэлээд хэдэн ноцтой асуудал бий. Үүнээс дурдвал:
1. Шатахуун нийлүүлэгч компанийн болон түүний туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, техник, тоног төхөөрөмж Монгол улсын хилээр чөлөөтэй орж ирж, байрлана.
2. TS-1 маркийн шатахууныг 20 жилийн хугацаанд монополь эрхтэйгээр нийлүүлнэ. Нэгэнт дэд бүтцийг нь бүхэлд нь авчихаж байгаа учраас өөр шатахуун нийлүүлэх боломжгүй. Үүнд: Олон улсын стандартын A-1, МАНайхны барьж байгаа газрын тосны үйлдвэрээс гарах шатахуун, био шатахуун аль нь ч болохгүй. Тэр бүү хэл өөр компани, нийлүүлэгч адил төрлийн шатахуун нийлүүлэх боломжгүй. Түлшний стандартыг эндээс үз shell.com/business-custo…
3. Түлшний стандартын асуудал нь уртын нислэгийг хязгаарлах хүчин зүйл болж магадгүй. Учир нь TS стандарт нь ОХУ болон хуучин социалист системийн улсуудад хэрэглэгддэг ГОСТ стандартын түлш. Бид АНУ-тай “нээлттэй тэнгэр” хэлэлцээр хийж АНУ-руу шууд нислэгтэй болох гэж байна. Нислэг цаашид Япон, БНСУ-д түлш цэнэглэж явдаг болно. Түүнчлэн Европы холбоо, Канад, Авсрали зэрэг улсууд тээврийн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын татвар ногдуулж эхэлсэн. Цаашид ч олон улс орон үүнд нэгдэнэ. CBAM буюу Нүүрс төрөгчийн хийн хилийн тохируулгын механизм илүү их ашиглагдана. Хэлэлцээрийн төслийг эндээс үзнэ үү.
d.parliament.mn/tusul/4fff9ded…
АТРЫН АЯНУУДЫН ГУНИГТ ТӨГСГӨЛ
Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Оюун-Эрдэнийн засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Юуны өмнө энэ удаад олон жил ОХУ-ын шахсанчлан Евроазийн эдийн засгийн холбоонд элсээгүй, харин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж байгааг онцлох нь зүйтэй. Гэхдээ гурван жилийн дараа тус холбоонд нэгдэх асуудал жинхэнээсээ тавигдаж магадгүй.
Тус хэлэлцээртэй холбоотой гурван асуудлыг хөндье.
Манай улс өнгөрсөн жил ОХУ-аас гурилын импортын татварыг тэглэсэн нь газар тариалангийн, гурилын үйлдвэрлэлд хүнд цохилт болоод байгаа юм. Тиймээс татварыг буцаагаад нэмэгдүүлье гэдэг асуудал ч энэ долоо хоногт УИХ-аар орж ирээд байгаа. Манай улсын улаан буудайн тариалалт, гурил үйлдвэрлэл ОХУ, Украйн зэрэг улстай харьцуулбал харьцангуй сул талтай, өрсөлдөх чадвар дорой. Гэхдээ л бид олон жил татаас өгч, татвараас чөлөөлж, өөрсдөө гурилаа хийдэг болох гэж хичээж ирсэн. Өнөөдөр байдал бүр ч өөр.
Дэлхийн улаан буудайн 30% гаруйг нийлүүлдэг ОХУ, Украйн хоёр хоорондоо байлдаж байна. Хар тэнгис дэх худалдааны зам хаагдснаар дээрх хоёр оронд хоёуланд нь улаан буудай их хэмжээгээр хуримтлагдаад байгаа бөгөөд дотооддоо маш хямд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрт улаан буудай, гурилд тодорхой хязгаар тавьсан ч гурилан суурьтай бүтээгдэхүүн маш хямд үнээр импортлогдоно. Гурил үйлдвэрлэнэ гэдэг нь зөвхөн гурилтай шөлний гурил бишшүүдээ, гурилан суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь гурилны хамгийн том үйлдвэрлэгч. Гоймон, нарийн боовноос эхлээд маш хямд бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирвэл дотоодын гурилын зах зээл хумигдах нь тодорхой. Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгийнхэн хилийн гаднаас л хүнсээ авч байна, учир нь тэнд хямд.
Мах экспортлоно гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэл өнөөдөр БНХАУ-руу мах экспортлохыг хориглочихсон сууж байгаа улс шүү дээ бид. Махны экспортын өөр нэг асуудал нь үнэ ч биш малын эрүүл ахуйн асуудал болчихоод байгааг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Татвар тэглэсэн ч эрүүл биш байна авахгүй гэхэд экспортлож чадахгүй. За малаа эрүүл болгоод экспортлоё гэж бодьё гэтэл ОХУ өөрөө хонины махны хэрэглээ маш багатай төдийгүй экспортлогч улс. 2023 оны статистикаар ОХУ 300 тонн хонины мах импортолж, 10 000 тонн хонины мах Казакстан, Иран,
Арабын Нэгдсэн Эмират улс руу экспортлосон байна. Манай улс 3 сая орчим үхэртэй, үхрийн мах дотооддоо өндөр үнэтэйд тооцогдоно, тоо хэмжээний хувьд ч экспортлох боломж бага. Дээр нь манайхаас хурганы мах (lamb) гардаггүй, 3-4 настай хонины (mutton) мах гардаг. 3-4 настай хонины мах манай улсад дэлхийн зах зээлээс даруй хоёр дахин өндөр үнэтэй.
За яахав ирээдүйд өөр бүтээгдэхүүн экспортлох орон зай бий болж магадгүй гэж үзье. Гэтэл гурван жилийн хугацаатай байгуулагдсан гэрээнд үндэслээд хөрөнгө оруулалт хийх бизнесмэн гарч ирэх үү? Би бол итгэхгүй байна.
Эдийн засгийн хөгжлийн яамныхны ашигласан ерөнхий тэнцвэрийн загвараар хийсэн тооцооллоос үзэхэд тус чөлөөт худалдааны хэлэлцээрийг баталснаар манай улсын импорт 0.65% нэмэгдэх бол экспорт 0.18% нэмэгдэхээр тооцжээ. Бид 250 орчим тэрбум төгрөгийн импортын татвараасаа мөн татгалзаж байгаа. Эндээс үзвэл худалдааны тэнцлийг сайжруулах зорилтын бүр эсрэг дүн гараад байгаа юм.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн эндээс үзнэ үү
d.parliament.mn/tusul/3917af66…
БАРТЕР буюу НЭРЭЭ СОЛЬСОН ОФФ-ТЭЙК
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай гэсэн мөн л гэмгүй нэртэй хууль орж ирлээ. Бирж бол худалдааны үнэ тогтоодог л платформ. Бирж дээр санал болгож байгаа үнэ бол зах зээлийн үнэ. Нээлттэй үнээ хэлээд авч байгаа нүүрснээс дарга нарт унах юм гарахгүй нь тодорхой. Биржийн арилжаа буурч байгаа бол эрэлт буурч байна гэсэн үг, үнэ буурна гэсэн үг. Гэхдээ бирж хэрэггүй болчихлоо гэсэн үг биш. Гэтэл биржийн хуулийг дагуулаад бүр БАРТЕР-аар нүүрсээ, уул уурхайн бүтээгдэхүүнээ зарчихъя гэж орж ирж байна. Засгийн газрын хөтөлбөрт туссан мега төслүүд явахгүй байгаа учраас гэнэ.
Сонгуулийн өмнө дөчин их наядын нүүрсний хулгай гэж орилцгоосон, үсэрсэн шүлс нь хатаж амжаагүй байна. Гэтэл нүүрсний хулгайн хамгийн том нь офф-тэйк гэрээнүүд байсан. Тавантолгойд баяжуулах үйлдвэр, төмөр замыг офф-тэйк гэгч гэрээгээр хэд нугалсан өндөр үнээр аваад оронд нь нүүрсээ тал үнээр нь өгчихсөн. Олон нугардаг ийм бизнес дэлхийд байхгүй, ийм том дүнтэй гэрээ Монголын түүхэнд байгаагүй юм. Офф-тэйк гэрээгээр бүр газрын тосгүй газарлуу, товчхондоо эзэнгүй талруу газрын тос дамжуулах хоолой барьчихсан. Мөнгө өөрийн үнэ цэнэтэй, ашиглалтанд орохгүй юм барихын оронд хадгаламжинд хийчихсэн бол хүүгээс нь орлого олно. Офф-тэйк гэрээнүүдийг бүгдийг нь нууцад авчихсан. Энэ том хулгайг нууцаас гаргах эрх зөвхөн ерөнхий сайд Оюун-Эрдэнэд бий. Нууцалсаар л байгаа.
Бартер бол мөнгө үүсэхээс өмнөх солилцооны хэлбэр. Тэрнийгээ бүтээгдэхүүн солилцоо ч гэнэ үү Value exchange ч гэж нэрлэнэ үү бартер бол бартер. Бид хэдэн зуунаар ухраад байнаа?
Энэ бүхний цаана нэг л сонирхол бий. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй хэлцлийн цаана хэд нугалсан цавчаа бий. Тэр цавчаагаа Хятадуудтай л тохирчихно. Монголчуудтай ярьсан цавчаа ил гардаг, шалгагддаг. Хятадууд бол ам чангатай, мөнгө нь Монголд орж ирэхгүй, бас цаана нь мөнгөөр илэрхийлэгдээгүй үнэ цэнийг яаж ч шалгах билээ.
Уул уурхайн биржийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эндээс үзнэ үү.
d.parliament.mn/tusul/b1c3d8f2…
ГОЛ УСНЫ ЭХ, ДАРХАН ГАЗРУУД ЦААЗЫН ТАВЦАНД
Засгийн газар эдийн засгийн буруу бодлого явуулснаас уул уурхайн бүтээгдэхүүний үнийн супер циклийг алдаж, цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалан дээр ирэх цаг үе ирээд байна. Гэтэл Монголд томдсон мега төслүүд баталчихсан, төв банк нь гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийг барихын тулд долларын нөөцөө гүвээд сууж байна.
Баялагтай орны эдийн засаг хямрахаар нийгмээ ядууруулах, байгал орчноо сүйтгэх сонголтын өмнө ирдэг. Компаниуд орлого ашиггүй болж хаалгаа барьсаар, ядуурал ч нэмэгдэж, улам гүнзгийрсээр байна. Товчхондоо Монгол ужиг ядууралтай болчихлоо. Одоо яахуу гэж үү? Уг нь гол усаа л ухчихая гэж байгаа юм байна. Тун удахгүй Голын эх бүрэлдэх ойн сав газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн, хилийн бүсэд ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн, тусгай хамгаалалттай газруудад ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн хуулиуд орж ирнэ.
Одоохондоо УИХ-д өргөн бариагүй байна, гэхдээ Геополитикийн амаргүй цаг үе, Трампын татвар, Орос Украйны дайн гэсэн шалтаг хэлээд эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах хөтөлбөр энэ тэр гэсэн нэр өгөөд парламентруу оруулна. Орхон, Сэлэнгэ, Онги, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын эхийг ухна гэсэн үг. Говийн их дархан газруудын алтны нөөц олон хүний шуналыг хүргэж байгаа. Малчид малаа бэлчээх нь хориотой хилийн бүсэд уурхай ажиллуулна гэсэн үг.
УЛС ТӨРЧДИЙН ХҮСЭЛД ТЭЭГЛЭСЭН ТЕНДЕРИЙН ХУУЛЬ
Бүх л цаг үед улс төрчид тендерийн хуульд дургүй явж ирсэн. 2001 оноос хойш хамгийн олон өөрчлөлт оруулсан хууль бол тендерийн хууль. Тендерийн хууль гэдэг нь компаниуд бараа, ажил, үйлчилгээгээ санал болгоод үнэ, чанараараа өрсөлдөөд гэрээгээ байгуулаад ажилла л гэдэг хууль. Манай өмнөх хууль чамгүй сайн хууль байсныг элдвээр тойрч яваад 2023 онд орвонгоор нь өөрчилчихсөн. Шүүрэн шанага шиг цоорхой хуулиар улс төрчид, дарга нар шахаагаа хийж авилгаа авсаар байгаа ч ханахгүй байна. Улаан ногоон автобусны дуулиан бол тендерийн хуулийг хэрэглэхгүйгээр авсан нэг л жишээ нь.
Гэтэл сүүлийн үед Монгол компаниуд орж өрсөлдөх боломжгүй том дүнтэй тендерүүд зарладаг болсон. Туулын хурдны зам, Сэлбэ төв гэх мэт. Татвар төлөгчдийн мөнгөөр орон сууц бариулах хэрэг хэнд гарав? Газрыг нь чөлөөлөөд хувийн хэвшилд стандартаа тавиад барилга бариулах юмыг яагаад орон сууц бариулах тендерийг олон зуун тэрбумаар зарлах болов? Яагаад тендерийн багцуудыг Монголын компаниуд барих боломжгүй томоор нь зарлав? Энэ бол ердөө л Хятадуудаас цавчаагаа авахад амар гэх хардлага төрүүлж байна.
Мөн л тун удахгүй тендерийн хуульд өөрчлөлт оруулах төсөл орж ирэхээр төлөвлөж байна. Арай том хулгай хийхэд арай том цоорхойтой хууль хэрэг болдог бололтой. Хуулийг хулгайлж болж байгаа бол улсыг чинь хулгайлчихна гэсэн үг юм шүү!
ХЭЛ, ШХАБ, ХИЙН ХООЛОЙ
Энэ бүхний араас Орос хэлийг ерөнхий боловсролын сургуульд заавал үздэг болгох, хийн хоолойн хэлэлцээр батлах, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх гэх мэт асуудлуудыг УИХ-аар оруулахаар зэхэж байна. Дээр дурдагдсан бүх л асуудал Монголын язгуур эрх ашигт харш, Монголчуудын хүсэл сонирхлын эсрэг.
Хамгийн том асуулт нь яагаад бид ийм төртэй болчихов? Монголын төрийн эрх мэдлийг Монголын ард түмнээс хэн салгачихав? Цаашдаа ийм асуудал болгон дээр яахуу ийхүү гээд жагсаж цуглах тухай яриад байх уу? Эсвэл Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулах уу?
Монголын төрийн байгуулал ардчилсан хувьсгалаас хойшхи он жилүүдэд хэзээ ч ийм унж дорой, харь хандлагатай байсангүй. Монгол хүн бүр дотроо бодолтой, сонор сэрэмжтэй байх цаг иржээ!