Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Канад Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Брайн Вилферт тэргүүтэй Канадын Парламентын гишүүн асан нарын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Канад Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Брайн Вилферт тэргүүтэй Канадын Парламентын гишүүн асан нарын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын чиглэлээр тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар товч мэдээлэл хийжээ.

Тус холбоо нь Канадын Парламентын гишүүн болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн төлөөллөөс бүрддэг бөгөөд одоо ч Парламент болон Засгийн газартаа зөвлөгөө өгөх, мэдлэг туршлага солилцох уулзалт, арга хэмжээг идэвхтэй зохион байгуулдаг байна. Уулзалтын үеэр эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, хил боомтын хүчин чадал, төмөр замын төсөл хөтөлбөр, далайд гарцгүй орнуудын хувьд гуравдагч зах зээлд гаргах боломж бололцоо, ногоон эдийн засаг, байгаль орчин, орон нутгийн иргэдтэй харилцах харилцаа болон эрчим хүч, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авчээ.

Монгол, Канад хоёр орны эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай байдгаараа ижил төстэй бөгөөд ашигт малтмалын арвин их нөөцтэй давуу тал болон Канадын эрдэс баялгийн салбарын туршлагыг ашиглан Монгол, Канад хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна.