Монгол Улсын Ерөнхийлөгч, нийт шүүгчид, Хүндэт зочид оо, Та бүхэнд энэ өдрийн. нийт шүүгчийн III чуулганы мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Нийт шүүгчийн чуулган бол шүүх эрх мэдлийн тогтолцоонд нээлттэй, ил тод байдал, дотоод ардчилал, эрх тэгш оролцоог хангах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал талбар мөн.
Дөрвөн жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар чуулган Ковид цар тахлын нөхцөлд тохиосон ч бид эх орныхоо өнцөг булан бүрээс цугларч, төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Анхдугаар чуулганы онцлог ньМонгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу анх удаа шүүхийн өөрийн удирдлагын механизмыг нэвтрүүлсэнд орших бол Нийт шүүгчийн II чуулганаар шинэтгэлийг гүнзгийрүүлэх асуудлуудыг тухайлан авч хэлэлцсэн.
Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаар гарсан санал, зөвлөмжийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг урагшлуулах чамгүй ажлууд өрнөлөө.
Нэн чухал ололт бол анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтолцоонд тойргийн, дагнасан шүүхийн томоохон өөрчлөлт хийгдсэн.
Анхан, давж заалдах шатны тойргийн болон төрөлжсөн 88 шүүх, тэр дундаа шинээр 2 дагнасан шүүх ажиллах болсноор шүүхийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хүний нөөцөө зөв зохион байгуулах бодит боломж дээшилсэн. Цаашид Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн ачааллыг зохистой түвшинд байлгах, зарим төрлийн хэргийн харьяаллыг эргэн харах, мөн ирэх оны эхний өдрөөс ажиллаж эхлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн хэрэглэх процессийн хуулийн шинэчлэл, байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтын бэлтгэл ажлыг нэн яаралтай гүйцээх шаардлагатай. Энэхүү шүүхийг байгуулах явдал нь өөрсдийн эрх зүйн тогтолцоог илүү хүнлэг, боловсронгуй болгохоос гадна олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлж буй хэрэг мөн.
Дараагийн чухал үр үр дүн бол шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх хуулийн заалт биеллээ олж ирэх 10 жилийн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлагдсанд оршино.
Уг баримт бичиг батлагдсанаар Шүүхийн хөгжил зөвхөн салбарын асуудал биш болохыг нотолж, төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир хамтран оролцохоор эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Тухайлбал, УИХ 7 зорилго, 14 зорилтод хамтран оролцохоор, Засгийн газраас ХЗДХЯ 1 арга хэмжээнд үндсэн, 31 арга хэмжээг хамтран хариуцаж ажиллахаар тусгагдсан.
Хөгжлийн бодлогыг бүхэлд нь авч үзвэл, үндсэн 7 зорилго, 16 зорилтын хүрээнд нийт 79 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, бүх шүүх, түүний Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран оролцохоор тусгагдсан. Одоо холбогдох байгууллагуудын дунд байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулах замаар зохион байгуулалтад орж бодлогын хэрэгжилтийг хангах ёстой.
Цаашид эдгээр байгууллага хоорондын уялдаа, харилцах дүрмийг Үндсэн хуульд нийцүүлэн албан ёсоор хуульчлах ажлын эхлэлийг тавих цаг ирсэн. Тухайлбал, Улсын дээд шүүхээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор хүргүүлсэн саналыг УИХ-йын Чуулганаар хэлэлцэхэд УДШ-ийн төлөөлөл өөрөө уншиж сонсгох, асуултад хариулах боломжтой болох журам санаачилсан ч энэ талаар хэн ч тодорхой байр сууриа илэрхийлсэнгүй өдий хүрлээ.
Үүнийг парламентын дэгд тусгаж, харилцан уялдаатай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого нэг талдаа Үндсэн хуульт байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах эрх зүйн баримт бичиг. Ерөөс нийгмийн шударга ёс бол зөвхөн шүүхийн бус, төрийн бодлогын тулгуур үнэт зүйл. Тиймээс шударга ёсны тогтолцоонд шүүхээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, прокурор, өмгөөлөл зэрэг бусад талын оролцоог шүүн тунгааж, хуулийн хүрээнд хэн хэндээ шаардлага тавьдаг, хүлээж авдаг байх ёстой. Нэг талаас, эрх зүйг хөгжүүлэх, хууль зүйн практикт аливаа зөрчлийг бууруулах, эрх зүйн тодорхой байдлыг дээшлүүлэх зорилгоор эдгээр байгууллага бүгд шүүхийн шийдвэрийн сан гэх 575 мянга гаруй оюун дүгнэлттэй асар том мэдлэгийн уурхайг үйл ажиллагаандаа нягт судалдаг байгаасай.
Энгийн баримт дурдахад, 2024 оны эхний хагаст захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдсан 1074 этгээдийн 664 буюу 61.6% нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан байсан бол жилийн эцсийн тайлангаар 91.6%-ийг ижил төрлийн хариуцагч эзэлсэн байна. Шүүхээр шийдвэрлүүлж буй хэргүүдэд хууль зүйн ижил төстэй алдаа олон байдаг. Үүнийг харгалзаж, албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэр, практикт үндэслэдэг болбол захиргааны шийдвэр хүчингүй болж цаг алдах, хүний эрх зөрчих явдал багасна.
Гүйцэтгэх эрх мэдлийн хувьд хэрэг шүүхэд шилжихээс өмнөх шатанд хүний эрхийг баталгаатай хангахаас гадна шүүхээр шийдвэрлэгдээд гарсан хэргийн хувьд шийдвэрийн биелэлт баталгаатай хангагддаггүй байх асуудал аюулын харанга дэлдэж байна. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилт 2.2.Шүүхийн бие даасан байдлыг хангах хүрээнд 2.2.1-т “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан.
Сүүлийн 3 жилийн дунджаар шүүхийн шийдвэрийн биелэлт ердөө 55.54%-тай байна. Шийдвэрийн тал нь биелэгдэхгүй байгаа явдал олон улсын жишгээс хавь доогуур үзүүлэлт. Үүнд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээний биелэлт, тогтолцоог ч анхаарах ёстой.
Ялангуяа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт гүйцэтгэх хуудасны тоогоор 2024 онд 52.9%, 2023 онд 47.78%, 2022 онд 54.60%-тай байна. Биелэлт хангалтгүй байгаа шалтгааныг тодруулахад (1) шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар арга, журмын нарийвчилсан зохицуулалт байхгүй, (2) шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм дутмаг, (3) шийдвэр гүйцэтгэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтантай харилцах, шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардахад саадтай байдаг нөхцөлүүд судалгаагаар тогтоогдсон.
Эрх зүйт ёсны ерөнхий индексээр манай улс 2023 онд 64-т эрэмбэлэгдсэн бол 2024 онд 66-д эрэмбэлэгдэж 2 байр ухарчээ. Дэд шалгуур үзүүлэлтээс Засгийн газар процессын ажиллагаанд зүй бусаар нөлөөлдөг эсэх шалгуураар эрүүгийн шударга ёсны тогтолцоонд 0.35, иргэнийхэд 0.46 оноотой үнэлэгдсэн нь мөн л олон улсын ба бүсийн дунджаас хавь доогуур, бусад шалгуураас хамгийн их сөрөг үнэлгээ авсан.
Прокурорын байгууллагын хувьд шүүхээс буцсан хэргийн тоон үзүүлэлт анхаарал татаж байна. Зөвхөн анхан шатны шүүхийн тоон мэдээллээс дурдахад, 2022 онд 624хэргийг, 2023 онд 500 хэргийг, 2024 оны эхний хагаст гэхэд 454 хэргийг прокурорт буцаасан байна. Үүн дээр давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлэсэн хэргүүд нэмэгдэнэ. Цөөн биш энэ тоо хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хариуцлага алдах, шүүхэд найдаж тоомжиргүй хандах тохиолдол байх вий хэмээн санаа чилээж байна.
Ахиц дэвшил гарсан нэгэн чухал талбар бол хууль тайлбарлах ажил юм.
1992-2005 онд хууль тайлбарласан тогтоол жилд дунджаар 5-6 удаа, харин 2006-2010 онд энэ тоо огцом өсөж жилд дунджаар 17 удаа тогтоол гарч байсан.
Эрх зүйн үндэс бүрдээгүйн улмаас хууль тайлбарлах ажил 12 жил завсарласны эцэст 2022-2025 онд хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны 18 тайлбар гарсны 73 хувь нь процессын хэм хэмжээнд хамаарч байна. Процессийн хуулийн тайлбарууд нь иргэд болон холбогдох байгууллагуудтай харилцах журмыг салаа утгагүйгээр нэг зүгт хандуулснаар Шүүх болоод хууль сахиулах, Прокурорын байгууллагын өмнө иргэд ялгаварлагдахгүй, алагчлагдахгүй байх суурь зарчмыг хамгаалах алхамууд юм. Нөгөөтээгүүр шүүхийн шинэтгэлийн хүрээнд доод шатны шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн тохиолдолд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх болсон нь хуулийн хэрэглээг нэгдмэл байлгах олон улсын холимог тогтолцоог нэвтрүүлсэн дэвшил байлаа. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах тогтолцоо ийнхүү зүгширснээр хуулийн нэгдмэл хэрэглээнд ач холбогдол өндөртэй гэж үзсэн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ч тодотгож судалгааны эргэлтэд оруулах зохион байгуулалтын буюу софт механизмыг хэрэгжүүлэх суурь бүрдлээ;
Шүүхийн салбар дахь судалгаа, шинжилгээ хүрсэн түвшиндээ ханаж үл болох ажил.
Академик болон практик судалгаа, шинжилгээнд суурилсан шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа нь эрх зүйн хөгжлийг түүчээлэх суурь гэдэг нь эргэлзээгүй үнэн.
Шүүхийн академиас 2021-2025 онд 229 судалгааг эрхлэн гүйцэтгэж, 155 дотоод сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 13,441 шүүгч хамрагдаад байна. Өнгөрсөн 2 жилд 9шүүгч судлаач шалгаран ажиллаж, 14 судалгааны тайлан нийтлүүлсэн.
Шүүгч-судлаач нар судалгааны арга зүйд суралцаад зогсохгүй өөрсдийн практик туршлагаа бусадтай хуваалцаж Шүүхийн академийн хүний нөөцийг чадавхжуулахад харилцан өгөөжөө өгч байна.
Шүүхийн гадаад харилцаа өргөжин тэлсэн.
Сүүлийн жилүүдэд АНУ, Сингапур, Япон, БНСУ, Турк, Нидерланд, Вьетнам, Люксембург, Бельги, Канад, Европын холбооны шүүх зэрэг улсын болон олон улсын Ассерийн хүрээлэн, Европын шүүхийн сургалтын сүлжээ, АНУ-ын Үндэсний шүүхийн коллеж, АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын төв (COIL), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Европын холбооны Twinning төсөл зэрэг холбогдох байгууллагатай албан ёсны санамж бичиг байгуулж харилцан туршлага, мэдээлэл солилцох хөтөлбөр хэрэгжүүлээд эхлээд байна. ТВИННИНГ төслийн хүрээнд гэхэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо хамтран 3 зорилт, 55 арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн 2025 оноос Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд манай шүүх эрх мэдлийн байгууллагууд 3 үндсэн чиглэлд, 5 жилийн хугацаатай хамтарч ажиллахаар болж байна.
Харилцан туршлага солилцох, шинэ ололт амжилтыг судлах хүрээнд 156 шүүгч дэлхийн 12 улсад сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Ингэснээр нэг талаар шүүгчид мэргэшил, ур чадвараа дээшлүүлж, нөгөө талаар дэлхийн тавцанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Шүүхийн эдийн засгийн баталгаа нь бие даасан, хараат бус байдлыг хангах “тулгуур”, энэ асуудалд тууштай анхаарч ирсний үр дүнд бодит ахиц гарлаа.
2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар ШЕЗ батлагдсан төсвийн хүрээнд цалингийн асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн энэхүү өөрчлөлт нь улс төрийн институцээс эдийн засгийн хувьд хараат бус байх ардчиллын суурь зарчмын хэрэгжилтийг хангахад түлхэц болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор Улсын дээд шүүхээр үйлчлүүлэх иргэдийн орчин нөхцөл, хуралдааны талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Монгол Улсын бүх шүүгчдийн сургалтыг хариуцаж буй Шүүхийн академийн үндсэн үйл ажиллагаа байр түрээслэж, давтан, үргүй зардал гарч буйг зогсоох, төсөв хэмнэх, сургалтын баазыг өргөтгөх хүрээнд эхлүүлсэн ажил бодит ажил болж УДШ, ША Хангарьд ордонд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Үүнийг дагаад, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бие дааж Улсын дээд шүүх байрлаж байсан байранд орсноор маргаанаа шийдвэрлүүлэхээр ирж буй иргэдийн орчин нөхцөл сайжирлаа.
Ингэснээр улсын хэмжээнд давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн 63.2 хувийг дангаар шийдвэрлэж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрс өөр зарчим, орчин нөхцөл шаардлагатай Нийслэлийн Эрүүгийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд нэг дор иргэдэд үйлчилж байсан хүндрэлийг шийдвэрлэж чадсан. Энэ бол цаашид иргэдийн шүүхээр үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах олон ажлын дорвитой эхлэл мөн.
Эрхэм шүүгчид ээ, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулахад Та бүхний хувь нэмэр, манлайллын үр нөлөөг дурдмаар байна.
Улсын дээд шүүх иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллага, УИХ, ЗГ-аас шүүхийг шүүмжилж буй шалтгааныг олох, хэрхэн засах талаар дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулж, гарсан үр дүнг Нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг хууль тогтоогчид хүргүүлсэн.
Улмаар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын шүүхийн тухай болон процессын хуулиудад өөрчлөлт орж шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хэрэгжүүлэх зарчим, арга зам, хэлбэрийг улам тодорхой болгосон. Үүнээс хойш зөвхөн “Шүүхийн суваг” хуудсаар гэхэд 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулаад байна. Энэ бол шүүгч шийдвэрийнхээ өмнө итгэл дүүрэн зогсох, олон нийтэд бодит байдлыг нээлттэй харуулах, хуулийн гүнзгий процессын талаар иргэдэд ойлголт өгөхөд оруулж буй Та бүхний хувь нэмэр мөн. УДШ энэхүү дамжуулалтыг хүний хувийн халдашгүй байх эрхтэй зөрчилдөхгүй байх олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй нийт шүүхүүд хэрэглэх бололцоотой болно.
Чуулганы оролцогчид оо.
Шүүхийн шинэтгэл дараагийн түвшинд гарч гүнзгийрэх ёстой. Цаашид шүүн таслах ажиллагаа зорилгодоо хүрэх арга зам буюу процессийг шударга болгох, шударга ёсыг хүн бүрт тэгш хүргэх, үүнийг илэрхийлэхүйц шийдвэрийн чанарын дэвшилд хичээл зүтгэлээ чиглүүлэхэд дараах шаардлагуудад анхаарах хэрэгтэй.
Нэг. Шүүн таслах ажиллагааны чанарыг хэмжих үзүүлэлт, арга зүйг шүүгчийн хараат бус байдлын зарчим болон орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь зүйтэй.
Өнөө цагт шүүх юуны тулд оршдгийг тайлбарлах эрх зүйт ёсны, нийгмийн шударга ёсны, менежментийн буюу үр нөлөөний, бие даасан байдлын гэсэн үзэл хандлагууд хослон оршиж байна. Шүүх хууль хэрэглэгч институт байхын зэрэгцээ хүний эрх, ардчиллын баталгаа, түүнчлэн үйлчилгээний чанар, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт бүхий нийгмийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэсэн хосолмол хандлага олон улсад хөгжиж байна.
Европын Холбооны CEPEJ, АНУ, Финланд, Нидерланд зэрэг олон улсад шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг үнэлдэг аргачлалыг хэрэгжүүлж байна. Тухайлбал АНУ-д шүүх 5 талбарт 22 стандарт, 68 хэмжигдэхүүнээр үнэлгээ хийх аргачлал үйлчилж байна. Европын Зөвлөлийн Шүүх засаглалын үр ашгийг дээшлүүлэх Европын комиссоос 2016 онд Шүүх засаглалын чанарыг хэмжих баримт бичгийг баталж, үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, шүүхийн шийдвэрийн чанар, шүүхийн үйлчилгээний чанарыг тус тус үнэлэхээр тусгажээ.
Анх 2021 онд шүүн таслах ажлын чанар бол үл хэмжигдэх зүйл биш хэмээн хөндөж байсан бол 2024 онд батлагдсан Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод энэ талаар бие даасан зорилго (№5), 2 зорилтыг тусгасан.
Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, олон улсын сайн туршлагыг харгалзан ажлын чанарыг хэмжих үзүүлэлтүүдийг анх удаа тодорхойлж 2025 онд нэвтрүүлж эхлээд байна. Үүнд дараах агуулгаар үнэлгээг гүйцэтгэв:
- Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн, тогтоол албажсан хугацаа;
- Хяналтын шатны шүүхэд ирсэн болон шийдвэрлэсэн хэргийн харьцаа;
- Нэг шүүгчид оногдох ачааллын бүтэц (шүүгчид ногдох хэргийн тоо, шүүгчид ногдох доод шатны шүүхийн шүүгчдийн ба прокурор, өмгөөлөгчдийн тооны харьцаа);
- Шүүхийн шийдвэрийг ойлгомжтой байлгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ (шүүхийн шийдвэрийн тойм, хураангуй бичсэн тоо ба нийт шийдвэрийн харьцаа);
- Давж заалдах тогтолцооны үр нөлөө (хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх болсон үндэслэл, хувь);
- Шүүхийн шийдвэрийн тогтвортой байдал (доод шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдсэн, хүчингүй болсон, өөрчлөгдсөн байдал, үндэслэл)
- Хэрэглэгчийн үзэл хандлага (сэтгэл ханамж)
- Иргэдийн судалгаа
- Хуульчдын судалгаа
- Хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналт
Чанар, үр нөлөөний үнэлгээнээс шүүхийн ачааллыг даван туулж буй хувь, иргэдийн болон хуульчдын сэтгэл ханамж зэрэг олон талбарын мэдээллийг тодорхой хэмжиж, сайжруулах болон хэвээр хадгалах хүчин зүйлсээ рационалиар тогтоож болохоор байна. Энэ талаар бид арга зүйн хувьд бусад шүүхдээ дэмжлэг үзүүлж хамтрах боломжтой.
Шүүн таслах ажлын чанарын үнэлгээ нь шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэхэд чиглэсэн ба хэн нэгнийг тухайлан хэмжих, эсвэл шүүхийн хараат бус байдалд ямарваа хэлбэрээр халдах оролдлого биш. Харин ажлын гүйцэтгэлийн өнөөгийн дүр зургийг бүхэлд нь харуулах, анхаарах хэсгийг оношлох, цаашид хөгжүүлэх, улмаар бодлого боловсруулахад үндэслэлтэй мэдээллээр хангах зорилготой.
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид уг чанар, нөлөөний үзүүлэлтээр тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх бүрэн эрхтэй тул цаашид та бүхнийг энэ чиглэлд идэвх, манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.
Шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд шүүгчийн ачаалал хэтийдэн хэтрээгүй, шүүхийн төсөв нь шүүн таслах ажиллагааны онцлогт тохирсон, хүрэлцээтэй байх шаардлагатай.
Нийт шүүгчийн II чуулганы үеэр ч хөндөж байсан сул орон тооны нөхөн бүрдүүлэлт одоо ч хийгдэж чадаагүй, эсэргээрээ ачаалал улам нэмэгдсээр байхад бодлогын ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. 2016 онд Монгол Улсад 520 шүүгч ажиллаж байсан бол яг өнөөдөр 516 шүүгч ажиллаж байна. Гэтэл сүүлийн 10 жилд шүүхийн ачаалал эрүүгийн хэрэгт 130%, зөрчлийн хэрэгт 143%, иргэний хэрэгт 117%, захиргааны хэрэгт 105%-иар тус тус, дунджаар 124% өссөн тоо ямар нэг тайлбаргүйгээр та бүхний анхаарлыг татаж, шүүмжлэлийг дагуулах тул та бүхэн дор бүрнээ дүгнэцгээх байх.
Ерөнхий орон тооны асуудал хөндөхөд, Европын улсуудад 100.000 хүн тутамд дунджаар 22 шүүгч, 12 прокурорногддог бол Монгол Улсад 100.000 хүн тутамд дунджаар 19 шүүгч, 20 прокурор ногдож байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын одоогийн практикт (1) шалгалтын даалгавар боловсруулахад хамтын зохион байгуулалт, мэргэжлийн оролцоо, (2) хяналт тавих тогтолцоо, (3) нэр дэвшигчийг бэлтгэх механизм тус тус байхгүй байна. Цаашид шалгалтын сорил, даалгаврын сан холбогдох бусад загвар материалыг нээлттэй түгээдэг байх, Мэргэшлийн хороо байгуулах зэргээр сул орон тооны нөхөн бүрдүүлэлтийг сайжруулах зохион байгуулалтын болон хуульд өөрчлөлт оруулах зэрэг арга замууд олон бий.
2025 оны шүүхийн төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж үзвэл 0.38 хувийг эзэлж байгааг хөгжингүй орнуудтай харьцуулахад бага хэмжээнд тооцогдох тул төсөв баталж буй эрх мэдэлтнүүд анхаарч хараасай гэж хүсч байна.
Шүүхийн төсвийн хүрэлцээтэй байдлыг хангах бодлогын гол чиглэл нь нэгд, шүүхийн үндсэн үйл ажиллагааны зардлыг дунд хугацаанд улсын төсвийн тогтвортой хувьд барих, хоёрт,100 мянган хүн тутамд ногдох шүүгч, шүүхийн ажилтны тоог ачааллын нормтой уялдуулах бодлогоор дэмжих, гуравт, нэн түрүүнд “амь тариа” шаардлагатай асуудлуудад богино хугацаанд эрчимтэй хөрөнгө оруулах хэрэгтэй байна.
Хоёр. Шүүн таслах ажиллагааны чанарын гол үзүүлэлт болох процессын чанарыг сайжруулах шаардлагын талаар.
Монгол Улсад 2024 онд ирж ажилласан НҮБ-ын тусгай илтгэгчийн тайланд “2019 оны шинэтгэл зөв чигтээ өрнөж буй боловч бүрэн хэрэгжүүлэхийн тулд процессын шинэтгэл ба санхүүгийн нөөц бололцоо шаардлагатай гэдгийг хөндлөнгийн судалгаагаар онцолсон.
Олон улсад процессын шударга ёсыг зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны хувьд биш процесст оролцогчид нөлөөлөх норматив дүрэм журам, аливаа зан үйл болон бусад олон талт хүчин зүйлийн хосолмол өнцгөөс авч үзэж байна. Тухайлбал, нийгмийн сэтгэл судлаачид 1970-аад оноос шүүх, цагдаа зэрэг шударга ёсны тогтолцооны институт дахь процессын шударга ёсыг судалж эхэлжээ. EBSCO Research Starters-с гаргасан тайланд (1) дуу хоолойгоо хүргэх боломж, (2) тэгш, төвийг сахисан хандлага, (3) хүндэтгэл, (4) итгэл төрүүлэхүйц байдлыг процессын шударга ёсны үндсэн дөрвөн зарчмаар тодорхойлсон. Эдгээр нь хуралдаанд оролцогчийн шүүхийн шийдвэрт итгэх, шийдвэрийг сайн дураар хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс гэжээ. Ийм хосолмол, цогц хандлага бидний шинэтгэлийн үзэл баримтлалд гарцаагүй шинжтэй бөгөөд энэ талаар анхаарч шийдвэрлэвэл зохих хэд хэдэн асуудлыг дурдъя.
Нэгд, Хөгжингүй улсуудын адилаар Монгол Улсын Үндсэн хууль, процессын хуулиудад хэргийн талуудын тэгш байдлыг хангах зохицуулалт тусгагдсан. Гэвч одоогийн эрх зүйн орчин, түүний хэрэгжилт энэхүү тэгш байдал, тэнцвэрийг де факто хангахгүй байгаа дараах асуудлыг хэлж болно.
Шүүхээс өмнөх шатанд: (1) Хүнийг эрүүгийн процесст гэрчээр оролцуулж авсан мэдүүлгээ яллагдагчаар татсаны дараа нотлох баримтаар ашиглах явдлыг Улсын дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа явцад засах оролдлого хийсэн нь шууд үр дүнд хүрэхгүй байсныг албан ёсны тайлбар гаргах замаар таслан зогсоосон. Уг асуудлыг хууль тогтоогчид уламжилж, энэ оны 6-р сард хуульд өөрчлөлт орж, албан ёсоор засагдсан. Энэ бол процессын шударга ёсны тогтолцоог сайжруулах олон шаардлагын ердөө нэг жишээ. (2) Өмгөөлөгчийг зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны төгсгөлд хавтаст хэрэгтэй танилцуулснаар мэтгэлцээнд бэлтгэх боломж нь хязгаарлагдаж, яллах тал де факто давуу байдал олж авч байна. Эрх зүйн зарчмын хувьд гэм буруугийн асуудлаар шүүгдэгч, прокурор хоёр адил тэгш боломж, мөн нөөцөөр хангагдах ёстой. Энэ нь процессийн шударга ёсыг зайлшгүй хангах дараагийн жишээ юм.
Шүүхийн шатанд: Мэтгэлцэх зарчим нэгдсэн стандарт, бодит үр дүнгийн хувьд чамлалтай хэвээр байна. Мэтгэлцэх зарчмыг хангахад шүүгчийн эрх мэдлийг оновчтой хэрэгжүүлэхгүй бол шүүгч өөрөө тэнцвэрийг алдагдуулах эрсдэлээс бид арга зүйн хувьд урьдчилан сэргийлэх ёстой. Бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж буй хэрэгт илтгэгч шүүгч хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зэрэг шалтгаанаар талуудын тайлбар, мэдүүлгийг бүрэлдэхүүнд гүйцэд сонсголгүй таслах, улмаар нэг талд давуу байдал олгох эрсдэл байсаар. Финландад шүүхийн процессын чанарыг хэмжих үзүүлэлтэд шүүгч талуудын яриаг анхааралтай сонсож ойлгож буйгаа бодитоор харуулах буюу харилцан үйлчлэлтэй байх шалгуур тусгагдсан байдаг.
Нөгөө талаас шүүгч хуралдааныг хэрхэн удирдаж явуулах талаар бидэнд нэгдсэн арга зүй, зарчмын зохицуулалт дутмаг, нэн ерөнхий, жигд бус хэрэгжсээр ирсэн тул хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах арга зүй, зарчмыг тодорхойлж, сургалтын хөтөлбөрүүдэд тусгах, шаардлагатай бол процессыг хуульчлах замаар шийдвэрлэх ёстой.
Хоёрт, де юрэ буюу журмын хувьд ч анхаарал татсан асуудлууд бий. Тухайлбал, дээд шатны шүүхүүдэд хэргийг хянан шийдвэрлэх үед шүүхийн өмнөх шатанд байцаагдаагүй гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд сонсох боломжгүй байдлыг “Хөндлөнгийн шүүхийн (adversarial)” болон “Идэвхтэй шүүхийн (inquisitorial)” тогтолцооны давуу талуудыг харьцуулан харьцуулан хосолмол загварыг бий болгох замаар шийдвэрлэх боломжтой байна. Зөвхөн талуудын мэтгэлцээнийг хөндлөнгөөс шүүж, нотлох баримт, журмын хууль ёсны байдалд хяналт тавьдаг “хөндлөнгийн шүүх”-ийн тогтолцоотой харьцуулахад манай загвар нь шүүхээс бодит үнэнийг тогтоох идэвхтэй эрмэлзлээрээ “ялгардаг”.
Түүнчлэн, эрүүгийн хэрэгт давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах, дахин хэлэлцүүлэхээр буцаах процессын зохицуулалтыг парламент хаасан нь хэргийг шударгаар шийдвэрлэх, Үндсэн хуульд тусгагдсан шүүхийн хяналтыг тогтолцоог алдагдуулан эрсдлийг үүсгэсэн. Хууль тогтоогч ийнхүү хуульд өөрчлөлт оруулахдаа системтэй, судалгаагүй хандсан, УДШ-н саналыг огт харгалзан үзээгүйгээс “уг өөрчлөлтийнх нь эсрэг агуулга” бүхий заалтууд хуульд “хүчин төгөлдөр хэвээр үлдэж, үйлчилсээр” байгааг хэлье.
Дээд шатны шүүхүүдийн эрх хэмжээг хязгаарласнаар хэрэг маргааныг процессын нэг циклээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй болж, алдааг засах эрх хэмжээ дутаж байгаа учраас шийдсэн шүүх рүү нь буцаах, улмаар нэг хэргийг 2 түүнээс дээш циклиэр давтаж буюу удаан хугацаанд шийдвэрлэж байгаагаас цаг, зардал ихэсч, хүний эрх зөрчигдөж, шүүхийн нэр хүнд унаж байгааг хууль тогтоогч засах шаардлага бий. Наад зах нь анхан, давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд (1) шинэ гэрчийг асуух, (2) шүүхийн санаачилгаар бус, дээд шатны шүүхүүд талуудын гомдол, эсэргүүцлээр хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг шударга ёсонд нийцүүлэн өөрчлөх бүрэн эрхийг хуульчлах шаардлага байна. Энэ нь шүүхийн тогтолцоон дахь процессын шударга ёсыг сайжруулах ёстой дахин нэг жишээ юм. Уг асуудал иргэн, захиргааны шүүхийн процесст шийдвэрлэгдсэн байдаг.
Гуравт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын үзүүлэлтэд хэрэг шийдэж буй хугацааны хүчин зүйлийг ихэнх улсууд хамааруулж байгаа нь манай улсад ч нэвтрүүлэх ёстой шалгуур мөн. Гэвч товлосон шүүх хуралдаан хойшлогдох үзэгдэл газар авчээ. Шүүхийн практикт өмгөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлох тохиолдол түгээмэл. Өнгөрөгч 2024 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгчөөс шалтгаалан хойшилсон тохиолдлын 52.9%-ийг өмгөөлөгч өвчтэй, шүүх хуралдаан давхардсан, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан шалтгаан эзэлж байгаа бол, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан өмгөөлөгч өвчтэй, шүүх хуралдаан давхацсан тохиолдол 27%-ийг эзэлж байна. Иргэний хэргийн шүүх хуралдаан хойшилсон шалтгаанд өмгөөлөгч өвчтэй, хуралдаан давхацсан байдал 62.89%-ийг эзэлж байна.
Хурал давхардаж буй шалтгааныг арилгах шийдлүүдийг хууль санаачлагчид бишгүй уламжилсан ч анхаарал хандуулсангүй өдий хүрлээ. Олон улсын туршлагаар анхан, давах, дээд шүүхэд оролцох эрхтэй өмгөөлөгчдийн тус тусдаа бүртгэлүүд үүсгэх, эрх олгох байдлаар хуралдаан давхардах асуудлыг бүрэн шийдвэрлэж болно.
Дөрөвт, процессын шударга ёс, чанарыг сайжруулахад ил тод байх нь чанарын гол үзүүлэлтийн нэг.
Цаашид шүүх хуралдааныг шууд дамжуулах байдлаар ил тод байдлыг хангахдаа талууд камерын өмнө биеэ барих, мэтгэлцээн бодитой, үр дүнтэй өрнөж чадахгүй байх эрсдлүүдийг бууруулах, хуралдаанд оролцогчийн хувийн халдашгүй байх эрхийг хангахад анхаарч ажиллах ёстой.
Судалгаагаар дэлхийн 137 улсын Үндсэн хуульд тухайлан баталгаажсан хувийн халдашгүй байх эрхийг хангах, шүүхийн ил тод байдлыг хангах, энэхүү хоёр талт хэрэгцээний тэнцлийг олох үүднээс олон улсын туршлагад шүүх хуралдаанаас зөвхөн дууны бичлэгийг хүргэх, тодорхой нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн этгээдэд хурлын видеог цахимаар хүргэх, шүүх хуралдаан даргалагч шууд дамжуулалтыг хэдийд ч зогсоох эрхтэй байх, сэтгүүлчдэд зөвхөн текстээр хурлын явцыг олон нийтэд хүргэхийг зөвшөөрөх зэрэг хэсэгчилсэн нээлттэй байдлын механизмыг ашиглаж байна. Эдгээрээс хэрэг маргааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх боломж манай шүүхийн тогтолцоонд нээлттэй.
Нөгөөтээгүүр, 1991-2022 оны хооронд 165 улсын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр Недарландын профессорууд гүйцэтгэх эрх мэдлээс шүүх эрх мэдэлд чиглэсэн сөрөг мэдэгдэл, халдлага хийх тохиолдол, хэмжээ нь тухайн улс дахь хэвлэлийн эрх чөлөөгөөр нөхцөлддөгийг тогтоожээ. Тиймээс тухайлбал, шүүхийн бие даасан байдал, ардчиллын баталгаанд чөлөөт хэвлэл чухал орон зайг эзэлж байгааг бид ойлгох ёстой.
Гурав. Шүүхийг цахимжуулах ажлын зохион байгуулалтыг оновчтой болгож, гүйцэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай.
Хүн төрөлхтөн технологийн ачаар нэг шугамд зэрэгцэх бололцоо бүрдэж буй энэ мөчид бид сорилт ба боломжид тулгуурлан, уламжлал – шинэчлэлийг оновчтой хослуулах шаардлагатай байна. 2021 оны байдлаар Дэлхийн банкны Глобал үзүүлэлтийн багийн судалгаагаар 120 улсын 77 нь шүүхийн үйл ажиллагаандаа цахим технологийн хэрэглээг нэвтрүүлсэн байв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн E-Justice төслийн мэдээллээр шүүхийн цахимжуулалтын 10 талбарын үзүүлэлтээр манай улс алинд нь ч шаардлага хангасан түвшинд бүртгэгдээгүй.
2024 онд НҮБ-ын Цахим засаглалын эрэмбээр Монгол Улс 193 улсаас 46-д жагссан нь 2022 оны 74 дүгээр байртай харьцуулахад эрчтэй өссөн үзүүлэлт. Цахим оролцооны үзүүлэлтээр 37-д жасгаж 20 байр урагшилсан үзүүлэлттэй.
Гэтэл шүүх эрх мэдэл нь 10 жилийн өмнөх системтэйгээ сууж байж болохгүй. Шүүхийн шийдвэрийн шүүх.мн сайт хүртэл энэ оны 7, 8 сард хандах боломжгүй, ажиллагаа нь доголдолтой байсныг бид мэднэ. Шүүхийн цахимжуулалтыг олон хүн сэдвийн хувьд хөндөж байгаа ч цахим шилжилт цаг алдаж, бодитоор дөнгөж эхний алхамдаа орох гээд дуншиж байна. Энэ бол хэн нэгний эсвэл байгууллагын пиарын хувийн сэдэв төдий зүйл биш хэрэгцээ, шаардлага гэдгийг хаа, хаанаа чухалчилмаар байна.
Олон улсад хэдийнэ цахим технологийг нэвтрүүлж, туршиж, хүрээлэн буй орчинд үзүүлж буй үр нөлөөг хэмжиж экологийн шүүх байгуулж эхэлсэн байхад бид багагүй хоцорсон зайгаа ухаалгаар товчилж, гүйцэх хэрэгтэй.
Зарим хувийн байгууллага хялбархан шийдлээр шүүхийн шийдвэрийг 99.99%-ийн оновчлолтойгоор хураангуйлах, утгачилсан хайлт хийх жижиг программыг нээлттэй хэрэглээнд нэвтрүүлж эхэлснийг Улсын дээд шүүх өөрсдийн цахим хуудасдаа ашиглаж эхэлсэн.
Мэдээж цахим шилжилтэд бид нэг талаас аюулгүй байдал, нууцлал, нөгөө талаас алгоримтын ил тод байдлын асуудлыг мартаж болохгүй. Тухайлбал шүүгчид хэрэг хуваарилах ажиллагааны систем аливаа хөндлөнгийн нөлөөлөлгүй буюу олон улсын хэмжээнд яригддаг хэрэг хуваарилах цоорхойг ашиглан хүссэн шүүгчдээ хэргийг хуваарлуулах буюу “judge shopping”, хэргийн харьяаллын маргаан, бусад хуулийн цоорхойг ашиглан шүүхээ сонгон хандах буюу “venue shopping” зэрэг хууль бус арга хэрэгсэл, ашиг сонирхлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, ил тод болгох асуудалд ойлгомжтой хариулт өгсөн шийдэлтэй байх ёстой.
Ил тод байдлын үзэл баримтлал зөвхөн шүүх хуралдаан, шүүхийн шийдвэрийн хүрээнд бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд, тухайлбал хэрэг хуваарилж эхлэх процесст ч хамаарна. Италид Паламара Аффейрийн хэрэг, ИЮЭйМ (EUAM Ukraine) болон GRECO-ийн тайланд тусгагдсан Украйн дахь автомат хуваарилалтын системийг гараар зөрчиж хэрэг дахин хуваарилсан зөрчил зэргээс бид туршлага авч, урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа цахим шилжилтийн үед алгоритмын ил тод байдлыг хангах, түүнд хяналт тавих хэрэгцээ үүсжээ.
Нийт шүүгчийн чуулганаас бид хэрэг хуваарилах нийтлэг журмыг баталдаг. Журам батлагдсан 2021 оноос хойш буюу 2022-2024 онд анхан шатны шүүхэд гэхэд эрүүгийн 42,865, иргэний 194,767, захиргааны 6,939, нийт 244,571хэргийг шүүгчид хуваарилж процесс ажиллагаа явуулсан байна. Энэхүү олон тооны хэргийн хуваарилалт, шүүх бүрэлдэхүүн томилох процессыг алдаагүй хөтлөх үүднээс журмын хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог чуулганы дэргэд хороо байгуулах, мэргэжлийн инженерийн туслалцааг авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжилтийг нь яаравчлах шаардлагатай байна.
Дөрөв. Олон улсад хүний эрхийн зөрчил, ардчилалд учрах эрсдэл нэмэгдэх тусам шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын сорилт, эрсдэл ихсэж байгааг урьдчилан тооцож, тосон бэлтгэх шаардлага байна.
1989–2014 оны хооронд олон улсын шүүхүүдийн (ICJ, ICC гэх мэт) тоо 6-с 20 гаруй хүртэл өсөж, нийтдээ 37,000гаран шийдвэр гаргажээ. Бүсийн жишээгээр үзэхэд Европын хүний эрхийн шүүх 2023 онд 16,623 буюу өмнөх оноос 144%-иар илүү нэхэмжлэл хүлээж авсан бөгөөд тус байгууллагын тайлангаас шинжлэхэд шүүхэд хандсан тохиолдлын дийлэнх нь ардчиллаас ухрах үзэгдэлд хамааруулж буй улсууд дахь хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй байна.
Манай улсад ч сүүлийн 10 жилд анхан шатны шүүхээр шийдэгдсэн нийт хэргийн тоо 124%-иар нэмэгдсэнийг дээр дурдсан бөгөөд үүний цаана нэг талаас эдийн засаг өргөжиж, иргэдийн эрх зүйн соёл дээшлэх үзэгдэл бий ч нөгөө талаас хэрэг нэг бүрийн хамт хүний эрхийн зөрчил олширч байх эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө олон улсад шүүх эрх мэдэл хүний эрх, ардчиллын эцсийн хана, баталгаа болж буй талаар онцолсоор байна. Гэвч нөгөө талдаа энэ нь шүүх эрх мэдлийн бие даасан байдал, цаашлаад шүүгчийн аюулгүй байдлын асуудлыг хөндөх шаардлагад хөтөлдөг.
Freedom house олон улсын байгууллагын хэмжилтээр 2024 онд дэлхий даяар глобал эрх чөлөөний үзүүлэлт 19 дэх жилдээ тогтвортой буурсан байна. Иргэний ба улс төрийн эрхийн үзүүлэлтээр 60 улс улам ухарсан (34 улс өссөн үзүүлэлттэй). Мөн тус байгууллагын мэдээллээр 2014-2024 онд судалсан 112 улсаас дор хаяж 78 улсад шүүгч, прокурор, хуульчдыг улс төрийн сэдэлтэйгээр цагдан хорих, яллах, аюулгүй байдалд нь халдах үзэгдэл тэмдэглэгдсэн байна.
Ялангуяа 2024 онд дэлхийн 40 гаран улс болон бүс нутгийн улс төрийн сонгууль явагдсан нь урьд өмнө тэмдэглэгдээгүй цар хүрээтэй үйл явц бөгөөд хүний эрхийн зөрчил улам хурцадсанаар (цаашлаад иргэний дайн гарах) шүүхийн бие даасан байдал нэг талдаа хүний эрхийн хана, түшиг болж, нөгөө талдаа олон талын сорилттой нүүр тулж байна.
Freedom house зэрэг олон улсын байгууллагаас хүний эрх, ардчиллын баталгааг хангах зорилтын хүрээнд шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглүүлэх бодлогын саналыг илэрхийлсэн. Ингэхдээ шүүхийн ил тод байдал, шүүгчийн томилгооны хараат бус байдал, цалин хангамжийн хүрэлцээ, эрх зүйн тодорхой байдал зэргийг чухалчилжээ. Эдгээр бүгд дээр дурдсан процессын шударга ёсны тогтолцоотой нягт хамааралтай бөгөөд процессын шинэтгэл-чанарын дэвшил нь шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж буй олон улсын туршлагыг бид тодорхой харж байна.
Тав. Шүүгч, албан хаагчдын сэтгэл зүй, бие махбодын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн энэ оны 3 сарын 4-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 7 сарын 25-ны өдрийг “Judicial Wellbeing” буюу шүүхийн албан хаагчдын эрүүл, зохист оршихуйн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нэр томьёогоор сэтгэлзүй, бие махбод, мэргэжлийн нэр төр, ажлын ачаалал ба амьдралын тэнцвэр гэсэн цогц хүчин зүйлийг илэрхийлдэг бөгөөд дэлхий даяарх шүүхийн ачаалал нэмэгдсэний үр нөлөө нь шударга ёсыг хэрэгжүүлэх ажлын үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг НҮБ-аас олон улсын анхаарлын төвд авч ирж буй хэрэг юм.
Шүүгч хүнийхээ хувьд “танин мэдэхүйн ташаарал (cognitive bias)”, “анхдагч мэдээллийн нөлөө (anchoring effect)” зэрэг сэтгэл зүйн нөлөөллийг ухамсарлаж, харгалзаж хурлыг удирдах, шийдвэр гаргахад оюуны саруул байдал чухал.
Шүүхийн ёс зүйн Бангалорын зарчмын 194-т “Шүүгчид бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндээ сэргээн хадгалах хугацаа олгогдох ёстой. ... Шүүгчийн ажил үүргийг гүйцэтгэхэд үүсдэг дарам, стресс улам бүр хүлээн зөвшөөрөгдөх болсон ...” талаар онцолсон байдаг. НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газраас 2022 онд 102 улсын 758 шүүгчийг хамруулсан шүүгчийн эрүүл, зохист оршихуй ба шүүхийн ёс зүй, шударга байдлын талаар судлахад шүүгчийн эрүүл мэнд, стрессийн түвшний сөрөг үзүүлэлт нь шүүхийн үйл ажиллагааны үр нөлөөг бууруулдаг гэж судалгаанд хамрагдагсдын 80% нь, шийдвэрийн чанарт нөлөөлдөг гэж 68% нь, шүүхэд итгэх итгэлийг бууруулдаг гэж 47%, процессын шударга ёсны хэрэгжилтийг бууруулдаг гэж 31% нь үзсэн байна.
Мөн шүүгчдийн 69% нь ажлын байрны стресс, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярих нь хориотой зүйл шиг санагддаг гэж, 76% нь бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндээ хангах цаг хүрэлцдэггүй гэжээ.
Тиймээс бид эхний ээлжид шүүх дэх стрессийг нууж хаах хэвшмэл сэтгэлгээг халж, араас нь бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжлийн хяналт, үйлчилгээг салбарын түвшинд нэвтрүүлэн шүүгчийг хүнийхээ хувьд алдаа гаргахаас сэргийлэх бүхий л нөхцөлийг хангах хэрэгтэй байна.
Мэргэжил нэгт нөхөд өө,
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг.
- Гэвч шүүгчийг шилж олох, шинээр томилох, орон тоо бүрдүүлэх асуудалд энэ 4 жилийн хугацаад дорвитой ахиц гарсангүй талаар тоон судалгааг дээр хэлсэн. Үүнээс шалтгаалан шүүгчийн ачаалал хурцадмал хэвээр байна.
- Шүүгчийг дээд шатны шүүхэд томилон ажиллуулах үндэслэл журам тодорхойгүй, оновчгүй явсаар ирлээ.
- Олон улсын анхаарлын төвд албан ёсоор орж ирсэн Judicial wellbeing буюу шүүхийн албан хаагчдын эрүүл, зохист оршихуйн асуудал манайд анхаарлын гадна хэвээр.
- Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд судлаачдын анхаарлыг татаад буй шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах эрсдлийн бодлого, даах чадамж бүрэн тодорхойгүй байна.
Энэ удаагийн чуулганаар Та бид эдгээр асуудлуудыг шийдэх шүүхийн захиргааны төв байгууллагад ажиллах төлөөллийн 5 шүүгчээ сонгоно. Илтгэлд дурдсан, өөрсдөд, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нь асууж, ажилдаа хандах хандлага, ёс зүйг нь харгалзаж, түүний гаргаж байсан бодит шийдвэрүүдийг үнэлэн дүгнэж, итгэл хүлээх нэгнийг оновчтой сонгохыг хүсье.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш сүүлийн 6 жилд шүүхийн шинэтгэлийн суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ. Үүнийг бид ерөнхийд нь бүтцийн шинэчлэлд хамааруулж, цаашдын бодлогыг чанарын дэвшил, процессын хөгжилд төвлөрүүлэх талаар та бүхэнд санал, дүгнэлтээ хуваалцлаа. Шүүх бол ардчиллын тулах багана, шүүх бол хүний эрхийн бамбай, шүүх бол шударга ёсны баталгаа. Бид илүү санаачилгатай, илүү манлайлалтай, илүү ил тод–шударга, илүү хариуцлагатай ажиллахыг та бүхнээсээ дахин хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрхэм шүүгчид Та бүхэнд ажлын амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.