ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГ
Үндсэн хуулийн цэцийн дарга, эрхэм гишүүд ээ,
Монголын ард түмний улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж баталсан Үндсэн хуулийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Та бүхэнд танилцуулъя.
Нэг.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна” гэж, 22.2 дахь хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана” гэж тус тус хуульчилсан байна.
Мөн түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалтад “Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 101.3, 101.4 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцаж, сонсох дэгийн зохицуулалттай байна.
Гэтэл Улсын Их Хурлын гишүүдээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг бус, Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхэнд нь шууд халдаж, тодорхой санаа зорилготойгоор бүдүүлгээр хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь эдлүүлээгүй байна.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүний болоод ард түмний үнэнийг мэдэх эрхэд бүдүүлгээр халдаж, ТББХ-гоор хэлэлцэх асуудлын материалыг хуралдааны эхэнд цаг тулгаж тараасан, огцруулах санал бүхий албан бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг зориуд хав дарж уг саналтай урьдчилан танилцах боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“...Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн хуйвалдааны шинжтэй увайгүй үйлдэл юм.
Энэхүү хэт нэг талыг барьж хүч түрсэн шийдвэр, ёс бус бусармаг үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр.Монгол хэлний хэл зүйн хувьд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан “танилцуулах”, “сонсох”, “хэлэлцэх” гэсэн үгийг утгыг Монгол хэлний тайлбар тольд хэрхэн тайлбарласныг доор дурдъя.
-“Сонсох” гэж дуулах, юмыг сонсох эрхтнээр мэдрэх
-“Танилцуулах” гэж танилцахын үйлдүүлэх хэв, харилцан бие биеэ мэдэж авах, танил болох, юмны учир байдлыг ойлгох,
-“Хэлэлцэх” гэж хэлэхийн үйлдэлцэх хэв, харилцан ярилцах, шүүмжлэн хэлэлцэх, хурал дээр зөвлөн хэлэлцэх, хэлэлцэх асуудал
Дээрх хэл зүйн тайлбараас үзэхэд ч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн “... байнгын хороо ... хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3 дахь хэсгийн “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ...” гэж хуульчилсны ялгаа, зааг маш тодорхой харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гарган, түүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулж, сонсгох бөгөөд нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахзохицуулалттай байжээ.
Энэхүү үндэслэл, тайлбар нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн төслийн үзэл баримтлал, хууль тайлбарлах хэл зүйн болон логик тайлбарын аргаар хянаж үзэхэд ямар ч эргэлзээгүй, тов тодорхой харагдаж байна.
Гурав.Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6293 дугаартай албан бичгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу Улсын Их Хурлаар хуулийн төслийг хэлэлцэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан.
Уг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:
“3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцохоор тусгав” гэжээ.
Дээрх заалт, томьёолол нь хууль зүйн техникийн хувьд нэг мөр ойлгож хэрэглэх бүрэн боломжтой, ямарваа нэг салаа утгагүй, туйлын тодорхой бичигдэж боловсруулагдсан байх бөгөөд хуулийн тайлбарлах хэл зүйн болон локик тайлбарын үүднээс үзэхэд ч хууль тогтоогчдын зүгээс Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, заалтыг мушгин гуйвуулах, буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэх боломжгүйгээр туйлын тодорхойхуульчилсан гэж дүгнэж байна.
Гэтэл Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан логик зүй тогтол, шаардлагыг зориуд санаатай зөрчсөн ноцтой үйлдлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, анх Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүдийн саналыг дэмжих, дэмжихгүй гэдгээр бус, харин уг саналыг хэлэлцсэн Байнгын хорооноос гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэснийг дэмжье буюу эцсийн дүндээ Байнгын хорооны саналыг дэмжихгүй гэсэн агуулгаар санал хураалтыг зориуд мушгин гуйвуулж төөрөгдүүлэн бүрхэгдүүлэх байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, логик зүй тогтлыг илтэд гажуудуулжээ.
Дөрөв.Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 111 гишүүн оролцож, 71 гишүүний саналаар Ерөнхий сайдыг огцруулсан гэх боловч нэр бүхий 19 гишүүн чуулганы танхимд огт байгаагүй, биечлэн санал хураалтад оролцоогүй, өмнөх өдрийн буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон гишүүд байсан байна.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэж хуульчилсаныг өөрсдийн явцуу эрх ашгаа хамгаалах санаа зорилгоо гүйцэлдүүлэх үүднээс урвуулан ашиглаж хуулийн холбогдох заалтыг санаатай зөрчсөн нь эндээс харагдаж байна.
Мөн уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан тухайн өдрийн хуралдаан гэж хуралдаан болох тэр өдөр буюу Пүрэв, Баасан гарагийг тус тусад нь хэлж байгаа бөгөөд өмнөх өдөр, эсхүл маргааш өдрийг ойлгож болохгүй нь хэн бүхэнд туйлын тодорхой, ямар ч салаа утгагүй байна. Үүнийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “өглөө 09.00 цагаас” гэж тодорхойлсон нь давхар баталж байна. Тухайлбал, өглөө 09.00 цаг гэдэг нь цаг хугацааны хувьд тухайн өдөрт л хамаарах бөгөөд маргааш, нөгөөдрийн өдөр, цагт огт хамаагүй буюу Пүрэв, Баасан гараг дундаа нэг өглөөтэй байх боломжгүй юм.
Гэтэл Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн буюу Баасан гарагийн хуралдааны ирцийг тухайн өдрийнхөөр бус, харин ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй, хууль зөрчиж сунгасан өмнөх өдөр нь болох Пүрэв гарагийн хуралдааны ирцээр бүртгэн үргэлжлүүлж хуулийг ноцтой гуйвуулан зөрчжээ.
Энэ дашрамд дурдахад, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... огцруулах саналыг албан ёсоор тавибал ... Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол ...” гэж заасны дагуу санал хураалт явагдсан нөхцөлд эдгээр гишүүдийн санал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй буюу эсрэг санал өгсөнд тооцогдох байсан болно.
Дээрх ирцийн бүртгэл, хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн 52 гишүүнбайсан байна. Харин огцруулахыг дэмжээгүй санал өгсөн 40 гишүүн, үүн дээр нэмэх нь нэгдсэн хуралдаанд оролцож, ямар нэгэн тодорхой санал гаргаагүй, хууль бус ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон 19 гишүүн байсан байна.
Энэхүү санал өгсөн гишүүдийн тоо, ирцийн бүртгэлээс үзэхэд Ерөнхий сайдыг огцруулах саналын хувь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол...” гэсэн хуульд заасан шаардлагыг огт хангахгүй байна.
Тав.Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэхдээ Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдаас огцруулсан жишээг дурдаж, хууль зүйн шинжлэх ухааны stare decisis et non quieta movera буюу өмнө гарсан шийдвэрийг хүндэтгэн дагах, жишгээр шийдвэрлэх эрх зүйн үүднээс тайлбарлаж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монгол Улс эрх зүйн системийн хувьд Нийтлэг эрх зүйн системээс тусдаа Ром-Германы эрх зүйн системд хамаардгийг анхаарах шаардлагатай байна.
1/Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж байсан.
Гүйцэтгэх дээд эрх мэдлийг 1992-2019 оны хооронд хэрэгжүүлж байсан Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байсан бөгөөд Засгийн газрын тогтворгүй байдал улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн хор хохирол учруулж байсныг засах зорилгоор Улсын Их Хурлаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээр дурдсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан билээ.
2/У.Хүрэлсүхийн хувьд Улсын Их Хурлын гишүүдийн огцруулах саналаар бус, өөрөө Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцрох хүсэлт гаргасан тул Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгээр зохицуулах боломжгүй байсан бөгөөд өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байгаагүй болно. Иймд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэж байсан байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Ерөнхий сайд нарыг огцруулсан шийдвэрүүд нь Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн найруулсан Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад ер хамаарахгүй юм.
Зургаа.Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, … үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг болон мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр “санал хураалтын томьёолол, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана” хэмээн санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхэнд нь халдаж, хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааныдэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь зориуд хясан боогдуулж эдлүүлээгүйбайна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхлэх ирц бүрдээгүй, хуралдаан эхлээгүй байхад “Эхний асууудлуудыг хэлэлцэж амжихгүй бол Үндсэн хуулийн цаг хугацаатай холбоотой асуудал учраас, дээр нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж дэмжигдсэн асуудлуудыг өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй юм. Тийм учраас өнөөдрийн чуулганы хуралдааны цагийг сунгаж байна” хэмээн хуралдааны цагийг сунгасан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааныг “Чуулганы ирц 51,6 хувьтай 66 гишүүн ирцдээ орж чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн болоод байна” гэж хэлж нээсэн байна.
Дээр дурдсан үйлдэл нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Туурга тусгаар Монгол Улсын эрх зүйт төрийн эцэг хууль болох Үндсэн хуулийг чандлан сахиулах шударга манаа, Үндсэн хуулиа дээдлэн шүтэх ёсыг түгээндэлгэрүүлэгч эрхэм Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ,
Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхий сайдын Та бүхэнд хандаж гаргасан хүсэлт, баримтын төгсгөлд Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бираагийн Чимид багшийн хойч үедээ захиж үлдээсэн нэгэн үгийг сануулах гэсэн юм.
Чимид багш хэлэхдээ “...Эдүгээ ардчилсан дэглэмт Үндсэн хууль батлан тунхагласан гэдэгт санаа тайвширч, дагаж биелүүлэхийн төлөөнөө тавих хяналт, хийх тэмцлийг огтхон ч умартаж болохгүй.
-Улс орны хөгжлийг дагаж улс төр, эрх зүйн ухамсар, соёл хаана дутна, хаана хоцронгуй байна тэнд хуулийг буруу тайлбарлаж, гуйвуулах, гаж хэрэглэх явдал элбэг тохиолддогийг тухайлан нотлох гэхийн бараг хэрэггүй биз ээ.
-Орчин үеийн төрт ёс хөгжсөн оронд хууль тогтоох байгууллага нь Үндсэн хуулиасаа гажихгүй л бол сая ардчилсан эрх зүйт төр улс байж чадна хэмээн эрхэмлэн дагадаг байна.
Манай Үндсэн хуулийн төгсгөлд "Мэдэгтүн, Сахигтун" гэсний учир энэ буй заа. Ардчиллын үзэл баримтлалыг гүн шингээсэн Үндсэн хуулийн энэ захирлага ёсчлон бүтэх болтугай” хэмээн хичээнгүйлэн захьсан билээ.
Үндсэн Хуулийн Цэцийн эрхэм гишүүд ээ.
Үндсэн Хуулийн Цэц төрт ёсны өнө эртний уламжлал,, хууль цаазын агуу түүхтэй улс орноо Үндсэн хуулийн хямралд татан оруулахыг санаархсан улс төрийн бүлэглэлийн хуйвалдааны аюул заналаас хамгаалж, Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авах гэсэн “төрийн эргэлт”-ийн шинжтэй, Үндсэн хуульд түрэмгийлэн халдсан ноцтой гэмт үйлдлийг нэн даруй таслан зогсоож,, эх орон, ард түмэн маань бүхлээрээ багтдаг эрх зүйт төрийн тулгуур, ардчилал хуулийн засаглалын амин сүнс болсон Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэж байна.