Эрүүгийн танхимын шүүгчид Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзав

 Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлжээ. 

 Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тус комиссын гишүүнээр томилсон С.Дондов,  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилсон Я.Цэлмэн нарыг Улсын дээд шүүхийн шүүгчдэд албан ёсоор танилцуулсан юм.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, “Мендезийн зарчим”-ыг нэвтрүүлэх, “Шүүн таслах ажиллагаанд хүний эрхийг хангах нь” гарын авлагыг шинэчлэн гаргах, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын нэр томьёоны зөв ойлголтыг тогтоож, шүүхийн практикт хэрэглэх явдлыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг өргөн хүрээтэй сэдвээр шүүгчид болон ХЭҮК-ын гишүүд харилцан санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

 Уулзалтад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн С.Дондов, Я.Цэлмэн, Б.Энхболд нар оролцжээ.