Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг танилцуулав

Глоб Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/ болон Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр  “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” хэлэлцүүлгийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-13:00 цагт зохион байгуулав. Хэлэлцүүлгийн эхэнд 2022 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг танилцуулжээ.

Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил харилцаа холбооны яам болон Хүний Эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллүүд оролцон хуулийн хүрээнд иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, байр суурийг илэрхийлсэн илтгэл хэлэлцүүлжээ.
Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд “Төрийн мэдээллийн ил тод байдал сайжирсан уу?” сэдэвчилсэн хэлэлцүүлгийн панелистаар оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлэн, оролцогчид болон сэтгүүлчдийн асуултад хариулав. Хэлэлцүүлгийн 2 дугаар үе буюу “Иргэдийн мэдэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвчилсэн хэлэлцүүлгийн панелистаар “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Фиделитас партнерс” ХХН-ийн хөндлөнгийн судлаач, шинжээчдийг урьж оролцуулсан юм.

Глоб Интернэшнл Төв нь 2022 оны 9 сарын 1-ээс 11 сарын 15-ны хугацаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтэд 4 чиглэлээр мониторинг хийсэн ажээ.
Үүнд: 
    Иргэдийн мэдлэг ойлголтыг тандах судалгаа
    Төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах судалгаа
    Хуульд нээлттэй байхаар заасан 44 төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагууд хуулийн дагуу нээлттэй болгосон эсэх
    Мэдээлэл хариуцагч байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх 

Мониторингд Увс, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Орхон зэрэг 7 аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 928 иргэн, 485 төрийн албан хаагч, 51 мэдээлэл хариуцагч байгууллагыг хамруулан гүйцэтгэжээ.

Мониторингийн дүнгээс товч танилцуулбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь шинээр батлагдсан НМИТБтХ-ийн талаар мэдлэг ойлголтгүй, 63 хувь нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ огт авч чаддаггүй гэсэн байна. Мөн хууль хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын 66 хувь нь тус хуулийг хэрэгжүүлэх талаар хангалттай мэдлэггүй гэсэн үр дүн гарчээ.



Судалгаанд хамрагдсан мэдээлэл хариуцагч 38 байгууллагын хуульд нээлттэй байхаар заасан 44 төрлийн мэдээлэлд мониторинг хийхэд 58.5 хувийг нь огт ил болгоогүй байна. Мөн 51 мэдээлэл хариуцагч байгууллагаас амаар, бичгээр болон цахимаар мэдээлэл хүсэхэд 47 хувьд нь огт хариу өгөөгүй байна.

Мөн энэ үеэр Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Миний эрх миний гарт” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Миний эрх” ухаалаг утсанд суурилсан аппликэшнийг танилцуулав. Тус аппликэшний зорилго нь  иргэдийн болон сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хангахад чиглэсэн бөгөөд эрхийн зөрчлийг бүртгэх, нэгдсэн дата бааз бүрдүүлэх, мэдэх эрхээ хангахад нь чиглэсэн мэдлэг мэдээллээр хангах зорилготой юм байна.