ХАРВАЛТЫН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

  1. ХАРВАЛТЫН ДАРАА АЛЬ БОЛОХ ЭРТ ХӨДӨЛГӨХ

Харвалтын дараах дийлэнх хүндрэлүүд хөдөлгөөнгүй хэвтүүлсэнтэй холбоотой үүсдэг.Тухайлбал: булчингийн сулрал, яс сийрэгжих, үений хөшингө, хэвтрийн хатгаа, зүрхний үйл ажиллагааны алдагдал, амьсгалын замын халдвар гэх мэт.

  1. ЗӨВ ХЭВТҮҮЛЭХ, СУУЛГАХ

Зөв хэвтүүлснээр булчингийн тонусыг бууруулж, тархи руу зөв мэдээлэл дамжуулж сайжралтыг хурдасгах бөгөөд холголт цооролт, өвдөлт болон амьсгалын замын олон хүндрэлүүдээс сэргийлэх ач холбогдолтой. Зөв хэвтүүлж суулгах нь  тухайн хүний цаашдын амьдралын чанар, өдөр тутмын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг учраас эхний өдрөөс л ”Харвалтын дараах байрлал эмчилгээ” болдог юм. Зөв хэвтүүлж суулгах үндсэн 5 байрлалыг зөвлөж байна.

  • Эрүүл талаар хэвтэх
  • Саатай талаар хэвтэх
  • Дээш харж хэвтэх
  • Орон дээр суух
  • Хөлийг улаар бүтэн тавьж сандал дээр суух

Харвалтын дараа биеийн байдал тогтвортой болох үед суулгах байрлал нь хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна.Түүнчлэн толгойг 15-30 хэм өндөрлөж хэвтүүлэхэд тархины цусны урсгалын хурд нэмэгддэгээс гадна толгой цээжийг 30-45 хэм өндөрлөхөд тархины дотоод даралтыг бууруулах боломжтой.

  1. ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАДВАРТ СУРГАХ

Хөдөлмөр засалч өвчтөний өөртөө үйлчлэх болон өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг үе шаттайгаар сайжруулах, туслах хэрэгсэл ашиглан эдгэрэлтийг хурдасгана.

Иймд хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалчийн хяналтан дор дасгалыг хийлгэх нь чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХУДЭМТ