Цахим зөвлөгөөний тухай

…Дэлхий даяар бий болсон хөл хорио болон тодорхойгүй байдлын улмаас хүмүүсийн сэтгэлзүйн байдал тогтворгүй болж өмнөх үеэс ч илүү сэтгэл зүйн зөвлөгөө, засал авах хэрэгцээ нь нэмэгдэж байна…

Ковид-19 үед сэтгэл судлаачид цахим сэтгэлзүйн үйлчилгээний үр дүнгийн талаарх судалгааг явуулан зөвлөгөөний энэ арга барилыг судалж сайжруулах ажил хийгдсээр байна.

Зайнаас зөвлөгөө өгөх үйлчилгээ нь 1960 аад оноос эхэлсэн байдаг бөгөөд тухайн үедээ хүрч очиж уулзахад бэрхшээлтэй үйлчлүүлэгчтэйгээ үүрэн телефоны үйлчилгээгээр дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг өгөхөөс гадна эрх чөлөөгөө хуулиар хязгаарлуулсан хүмүүст хүрч ажилладаг байсан. Тэрхүү олон жил хийгдсэн туршлагуудаас харахад цахим буюу зайны сэтгэл зүйн үйлчилгээ нь сэтгэл гутрал болон түгшүүрийн эмгэг, их идэх болон бага идэх эмгэгт мөн хүүхэд болон насанд хүрэгчдийн асуудлыг шийдвэрлэхэд өндөр үр дүн өгсөн байна.

Клиник сэтгэл судлаачдын үзэж байгаагаар цахим сэтгэл зүйн зөвлөгөө нь 45 минут үргэлжлэхэд илүү үр дүнтэй байдаг бөгөөд сэтгэл судлаач үйлчлүүлэгчдийнхээ орон зайн байрлалаас үл хамааран сэтгэл зүйн үйлчилгээг хурдан шуурхай цаг алдалгүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ.

Мөн цахим сэтгэл зүйн зөвлөгөөний явцад сэтгэл судлаач олон зүйлийг сонсох, анзаарах, анхаарал тавих боломжийг олгодог бөгөөд үүнд үйлчлүүлэгчийн дуу хоолойн өнгө, үгийн өргөлт, бууралт, амьсгалын хэмнэл зэрэг зүйлсийг илүү мэдрэх боломжийг өгдөг. Цахим сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхийн өмнө сэтгэл судлаач болон үйлчлүүлэгч дараах суурь нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

1. Үйлчлүүлэгч өөрийн аюулгүй байдлыг хангасан байх.

2. Үйлчлүүлэгчийн байгаа газрын хаягийг сэтгэл судлаач тодорхой сайн мэдсэн байх. Энэ нь ямар нэгэн байдлаар зөвлөгөөний явцад үйлчлүүлэгч өөртөө болон бусдад эрсдэлтэй үйлдэл хийх нөхцөлд сэтгэл судлаач шаардлагатай арга хэмжээг авахад чухал юм.

3. Сэтгэл зүйч болон үйлчлүүлэгчид өөрсдөдөө таатай тайван орчинг бүрдүүлсэн байх шаардлагатай.