Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ТЭСО Инвест ХХК-ийн захирал С.Эрдэнэбаяр нар Өмнөговь аймгийн Ханбогд суманд ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлын үр дүнтэй танилцжээ.
Энэ үеэр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт бусад албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзаж, ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж экспортлох, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг орон нутгийн урт хугацааны хөтөлбөрийн цөм болсон олон сэдвүүдээр нээлттэй хэлэлцэж санал солилцжээ.
Орон нутгийн онцлогт тулгуурлан нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлыг Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэгээхэн хэсэг болгон хэрэгжүүлж байна.