Бид та бүхэнд ирэх оны улсын төсвийн төсөлд туссан, шинэ заалтуудыг танилцуулж эхэлсэн. Өндөр орлоготой иргэдээс өндөр ХХОАТ авах, 250 сая төгрөг болон түүнээс дээш үнэтэй машиныг тансаг хэрэглээ гэж үзэн, мөн өндөр татвар ногдуулах болсон. Тэгвэл татварын хөнгөлөлтүүдийг мөн тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр ирэх онд гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулна.
Нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж, нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцно.
Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгоно.
Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгоно.
Мөн хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.
Уг хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Улмаар нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх юм байна.