Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 9 дүгээр сарын 21-ний өдөр үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс өнгөрсөн 2021 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг дурдаж, Монгол Улс өнгөрсөн жаран жилийн хугацаанд НҮБ-ын хариуцлагатай гишүүн байж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө бодит хувь нэмрээ оруулж ирснийг цохон тэмдэглэв.
Мөн тэрээр цар тахлын дараах улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаар Монгол Улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, энэ хүрээнд манай улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авч зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг мэдээлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан цар тахлын хүнд цаг үед дэлхий дахины цэрэг арми, зэвсэглэлийн зардал нэмэгдэж 2.1 их наяд ам.долларт хүрснийг тэмдэглэж, энэхүү төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад олгож, сая сая хүнийг ядуурал, өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижруулж, эрдэм боловсрол, ажлын байр бий болгохын төлөө зарцуулахыг гишүүн орнуудад уриалав.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс цаашид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг 5 жил тутамд эх орондоо зохион байгуулж байх, байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэлийн үед Зүүн хойд Азийн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн дэд бүтцийг байгуулахад хувь нэмэр оруулах зорилгоор Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүлэн ажиллаж буйгаа тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж үзнэ үү.
https://estatements.unmeetings.org/estatements/10.0010/20220921/bDX8TdCTVopq/RjcfFgcF2oEv_en.pdf