Төв Азийн хамтын ажиллагааны цуврал арга хэмжээг зохион байгуулжээ

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд цуврал арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тодруулбал, “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад тогтвортой эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх форум” болон “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс дэх нийлүүлэлтийн сүлжээний холболт ба тогтвортой хилийн үйл ажиллагаа сэдэвт дугуй ширээний цуврал уулзалт”-ыг тус тус амжилттай зохион байгууллаа. 

Тус форумд КАРЕК-ийн  гишүүн 10 орны Засгийн газар,  чөлөөт бүсийн асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл, Дэлхий чөлөөт худалдааны байгууллага, Дэлхий банк, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, КАРЕК хүрээлэн, Инчоны чөлөөт бүсийн захиргаа, Их Британийн Экспортын Их сургууль, Олон улсын авто тээврийн холбоо, АНУ-ийн Гадаад худалдааны бүсийн үндэсний холбоо зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож шинэ үеийн эдийн засгийн бүс, бүс нутаг болон бусад орнуудын шилдэг туршлага, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулалт татах механизмын талаар хэлэлцлээ.
Түүнчлэн, COVID-19 тахал, уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээ тасалдал зэрэг дэлхийн болон бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн тусгай бүсүүдийн шинэ хандлага, олон улсын хамтын ажиллагааг онцлон харуулж, КАРЕК-ийн гишүүн орнууд Дэлхийн Чөлөөт Бүсийн Байгууллагад гишүүнээр элсэх, бусад гишүүн орнуудын амжилттай туршлага өөрсдийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх болон хоёр талт харилцаа сайжруулах үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Мөн Дугуй ширээний уулзалтаар ханган нийлүүлэлтийн сүлжээний холболт, хилийн үйл ажиллагаанд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, хүн, бараа бүтээгдэхүүний хил дамнасан шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих хэтийн төлөв, дунд болон урт хугацааны стратеги, худалдааны бодлогын чиглэлийг тодорхой болгох талаар хэлэлцэж, гишүүн орнууд нийлүүлэлтийн сүлжээний асуудлаа шийдэх санаа гарган, хамтран ажиллах боломжууд, одоо хэрэгжиж байгаа коридор, гаалийн системийн амжилттай хэрэгжиж байгаа ажилд хамтран ажиллахаар  тохиролцов.