Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч компани бүтээн байгуулалтыг цар тахал, баяр наадам зэрэг ямар ч үед тасралтгүй үргэлжлүүлж байгааг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК мэдээлжээ.
Цар тахлын үед буюу 2020 оны 1 дүгээр сард үйлдвэрийн талбайд бүтээн байгуулалтаа эхлүүлж, одоогоор БНЭУ-ын ерөнхий гүйцэтгэгч, Монголын 10 гаруй туслан гүйцэтгэгч компани хамтран технологийн бус байгууламж (иргэний 9 барилга, зам, ус хангамжийн систем, 30,000 м3-ын усны нөөцийн сав гэх мэт)-ийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна.
Төсөл нь үйлдвэрийн төлөвлөлт, процесс ба технологийн горим, инженерчлэл, нарийвчилсан зураг төсөл, барилга угсралт, хууль, гэрээ эрхзүй, санхүү эдийн засаг гээд хоорондоо уялдаа холбоо бүхий олон салбар дамнасан ажлаас бүрддэг. Мөн патенттай технологийн лиценз эзэмшигч, үйлдвэрийн бүтээн байгуулалтын “Багц ажил”-ын Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Техникийн болон гэрээ эрх зүйн баримт бичгийг боловсруулах, тооцоо судалгаа хийх ажил багтдаг. Жишээ нь, үйлдвэрийн бүтээн байгуулалтын 1 багц ажлын тендерийн бичиг баримтын техникийн хэсэг гэхэд 14 мянган хуудас материалаас бүрдэх аж.
Үйлдвэрийн Технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил 2 жил үргэлжилсний эцэст энэ оны эхээр дуусаж, АНУ, Итали, Франц, Нидерландын алдартай компаниудтай гэрээ байгуулсан. Түүхий тос дамжуулах хоолойн хувьд БНХАУ-ын компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Төсөл зөвхөн Монгол, Энэтхэгээр зогсохгүй олон улс орны хамтын бүтээн байгуулалт болж байгаа. Манай улсад цоо шинэ гэж болох нефть-химийн салбарын суурь Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад бүх зүйлийг шинээр хийхээс аргагүй болж, энэ нь ч сорилт болсныг тус газрын мэдээлэлд дурдаад, төсөл нь Монгол, Энэтхэг орны харилцаанд тод мөр үлдээхээс гадна БНЭУ-ын Засгийн газраас маш их анхаарч дэмжин, хичээж байгааг ч тэмдэглэжээ.