Өмгөөлөгч Б.Баяраа: Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар албан тушаалын гэмт хэрэг үйлдвэл хэн мөрдөн шалгаж, хэн хяналт тавих вэ?
Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланг сонирхож байтал Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа 2 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан болж таарлаа. Сүүлийн тайлангаар ЦЕГ, УЕПГ зээлээ төлж дуусгаагүй байна.
Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд” гэдгийг тодорхой хуульчилсан. Улсын төсөвт байгууллагын үйл ажиллагаа санхүүжүүлсэн бол тухайн зээл маргаангүй зориулалтын бусд тооцогдоно. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бол өөр.
Гэтэл Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэгчээр маш олон бизнес эрхлэгч-зээлдэгч нарыг зарим зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар шүүхэд шилжүүлж ял шийтгүүлсэн байхаа.
Ингэхдээ зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусад 100, 100 зээл хүсэгчдийн боломжийг хулгайлж хууль бусаар давуу байдал олж авсан, улмаар төрд итгэх олон нийтийг итгэлийг бууруулсан зэргээр хохирогчтой хоолой хоршин ялласныг олон нийт нээлттэй шүүх хурлаар харсан.
Хохирогч байгууллага болох Хөгжлийн банкнаас хуулийн байгууллагууд өөрсдөө зээл авсанаар маш олон хууль тогтоомж илт зөрчигдөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх төдийгүй албан тушаалын хэрэг шалгадаг давуу байдлаа ашиглан хууль бусаар өөртөө давуу байдал олж авсан гэх гэмт хэрэгт шалгагдах үндэслэл болно.
Авлигатай тэмцэх газар нь Хөгжлийн банкны Өр барагдуулах алба шиг, харин прокурор нь банкны Дотоод аудитын нэгж шиг ажиллаад байсныг гайхаад байсан чинь өөрсдөө хохирогчоос зээл авчихсан хамааралтай этгээдүүд болж таарлаа.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны тэгш байдал, шударга ёсыг хангах, хууль дээдлэх зарчим бүрэн алдагдаж, Эрүүгийн хууль, Төрийн албаны хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Төсвийн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль гээд тоолоод барамгүй олон хууль зөрчигдсөн нь тодорхой боллоо.
Асуулт:
Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын даргад хариуцлага хүлээлгэж огцруулах үндэслэл болох уу?
Энэ үйлдэл нь бусдын боломжийг хулгайлсан сонгодог гэмт хэрэг биш гэж үү? Шүүхээс ийм үйлдлийг гэмт хэрэг гээд шийдчихсэн байгаа, харин хуулийн байгууллагуудын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэн шалгаж, хэн хянах болж байна?
Эсхүл УИХ дээр сонсгол хийх үү? Хөгжлийн банкны зээлийн шүгэл үлээгч нар хэрхэх бол?
Эрхбиш ийм илт үйлдэлд дабль стандарт байх ёсгүй биз дээ?