ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, үр дүнг танилцууллаа.
 Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж "1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өнөөдөр үйлчилж буй эрх зүйн орчин, соёлын зарим уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд нөөц боломжоо бүрэн ашиглах, нийгмийн хөгжилд эзэмшсэн мэргэжил боловсролоо зарцуулахад асар их саад бэрхшээл болдог. Тэр дундаа эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль 2011 онд батлагдсан ч олон зүйл заалт нь одоо болтол хэрэгжиж чадаагүй гэдгийг дурьдсон бол
НҮБ-н төлөөлөгч Илейн Конкевич: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэхэд хамтарч ажиллана НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа өнөөдөр илэрхийлсэн юм.
Тус хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич "Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль зэрэг эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэйчүүд улс төрд орох тэгш боломжийг бүрдүүлэхгүй байна. 
Цаашилбал шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улс төрч нь нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг хэвээр байна. Энэ нь илүү олон эмэгтэйг ийм замналаар явахад нь тээг болж буй нэг бэрхшээл" гэлээ. 
"Улс төрийн 10 мэдээллийн нэг дээр нь л шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дурдаж оруулж байна"
Харин дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог их байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцолсон юм.
Тэрбээр "Тэргүүлэх чиглэлийн бодлогыг дэмжих, хэвшмэл бугшсан ойлголтыг засах, иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал. Мөн сэтгүүлчдийн мэдлэг ур чадвараас гадна хандлага мэдрэмж чухал. Хэвлэл мэдээллийн ёс зүйн кодын 3 дугаарт хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг халах тухай тодорхой заасан. Монголд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрт ажилладаг 3,000 орчим сэтгүүлч, уран бүтээлчид энэхүү кодыг мөрддөг.
Гэвч статистик харахад хангалттай үр дүн ажиглагдахгүй байгаа. Жишээлбэл, улс төрийн мэдээллийн агуулгыг судлахад 10 мэдээллийн нэг дээр нь л шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дурдаж оруулж байна. Мөн нийт нийтлэлд дандаа давтагдаж байдаг 20-30 хүн байгаагийн 2-3 нь эмэгтэй байгаа юм" гэлээ.