Монгол Улсын хүний Эрхийн Комиссоос “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт” судалгааг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Цаглашгүй мэдлэг” Төрийн бус байгууллагатай хамтран хийж дуусжээ.
Тус судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2022.11.15/ болсон бөгөөд хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч, Л.Оюунаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Нийт 13 эрхийн хүрээнд аль эрх зөрчигдөж байгаад судалгаа хийж үзжээ. Ингэхэд ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах, мэдлэг ойлголт эзэмших, боловсрол эзэмших зэрэг эрхийн зөрчил зонхилж байна.
Үүнээс нэн тэргүүнд жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт их, дээд сургуулиудад байна. Түүнчлэн их, дээд сургуулийн орчин дахь бэлгийн дарамтыг судалж үзжээ. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэж хариулсан. Үүнийг хэн учруулж байна вэ гэсэн асуултад оюутан оюутандаа эсвэл багш, захирал, удирдлагын зүгээс гэж хариулсан.
Бэлгийн дарамт бол олон хэлбэр, шинж агуулдаг. Тухайн хүнийг зөвшөөрөөгүй үед биед нь хүрэх, бэлгийн шинжтэй онигоо ярих зэрэг нь бэлгийн дарамтын нэг хэлбэрт тооцогддог.
Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувиас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн нь нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол оюутан залуучуудын дунд хангалтгүй байгааг илэрхийлсэн байна. Мөн охидын гурав орчим хувь нь оюутан байхдаа жирэмсэн болж байсан зэргээс үзвэл, оюутан залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэдгийг онцолжээ.
Хэлэлцүүлэгт,
-Цаглашгүй мэдлэг” ТББ-ын судлаач, доктор Ч.Байгалмаа
“Оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх БОДЛОГО, ХУУЛЬ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ”
-Цаглашгүй мэдлэг” ТББ-ын судлаач, доктор О.Жаргалсайхан,
“Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх МЭДЛЭГ, ХАНДЛАГА”
“Цаглашгүй мэдлэг” ТББ-ын судлаач, доктор Т.Булганзаяа,
-Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн ХЭРЭГЖИЛТ БА ТУЛГАМДСАН АСУУДАЛ”
-ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал,
-Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ”
-ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт Ч.Ариунаа
-Их, дээд сургуулийн дотуур байрны нөхцөл байдал” сэвдээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.