ЧОЙМАА АХЫН МИНЬ ХАДАГ
Чоймаа ах минь тэнгэр болов. Мөнх тэнгэрийн энгэр болов. Босоо бичгийн хэв болов. Бор халзан туулайн мөр болов. Алтайн уулс дайвалзав. Ар халхын мянган гол харгив. Шаргын говын шаргачин эргэн нэг харав. Шандын толионд нар нэг дальдчив. Ээ халаг минь, ах минь. Мөнх бусын орчлон мөн үү энэ чинь.
Саяхан л охины минь хурим найранд уригдаж мөнх юм шиг мөрөөдлөө ярьж мөр мөрөө тэвэрч яриа хөөрөө дэлгэж яруусаж байгаагүйсэн бил үү. Тэгэхэд “Миний аав Хүрэлбаатарын ээж ойр дотно удам угсааны төрөл садны улс байгаа юм. Бид ойр дотно холбоотой хүмүүс ээ” гэж тодолж “Хуримаа хийж буй энэ хоёр хосдоо захиж хэлэх олон үгс байна. Хамгийн гол нь хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурваас бүрддэг. Сэтгэл нь нөгөө хоёроо захирдаг. Сэтгэл тэгш бол заяа тэгш гэдэг. За хүүхдүүд минь зөв сайхан сэтгэлтэй яваарай” гэж захиж байсан сан. Тэгээд алд дэлэм өргөн хадаг юугаа дэлгэж “энд хуран цугларсан хүмүүст хадагны учир утгыг тайлбарламаар санагдаад. Дээр үед хадаг ховор байсан. Анх Хувилай хааны үед 1262 онд Санжийн Пагва лам 24 өнгөтэй хадаг авч авшиг хүртэж байсан. Ингээд хадаг дэлгэрсэн. Тэр үеийн төвөд үгийг нь одоо хэвлэж буй хадаганд хагас дутуу хэвлэчихсэн, заримд нь шал өөр үг хэвлэчихсэн байх юм. Би хадган дотроосоо шүүж байгаад хоёр дүүдээ Хувилай хааны “Өдөр чандмань сайн. Шөнө чандмана сайн. Өдөр шөнө бүхэн амгалан сайн. Өдөр шөнө мөнхөд амгалан сайн, чухаг дээд гурвын өлзий оршиг” гэж бичсэн ерөөлийг айлтгая” хэмээн сургаалаа айлдаж байсан билээ.
Чоймаа ахын аав Шаравын ээж, миний ээжийн ээж хоёр төрсөн эгч дүүс юм. Тиймээс “цагаан морьт” хэмээн алдаршсан аграмба цолтон лам ахыгаа бурханчлан шүтэж, үг сургаалыг нь машид эрхэмлэж магнай дээш өргөж ирсэн билээ бид. Ламахынд аав бид хоёрыг очиход “Төрийн хүн болно. Тоононд нь зүүж өгөөрэй” гэж надад нэгэн хадаг өгсөнийг би Чоймаа ахын Төрийн шагналын найран дээр авч очиж хүндэтгэл үзүүлж учрыг нь тайлбарлан үг хэлж байснаа санаж байна.
Чоймаа ах минь монголын бичиг соёлын дээд эрэмбийн мяндагтан байсан юм. Ерэн оны ардчилсан хувьсгалын гол хүчин үндэсний ухамсрыг сэрээхэд түүний бүх ард түмэнд заасан монгол бичгийн хичээл дотоод шаталтын хөдөлгүүр болж байлаа. Тэрбээр босоо монгол бичгээр дамжуулж өв соёл, хэл соёл, сэтгэл соёлыг сэрээж, нийгмийн эрчис догисыг үүсгэсэн хувраг хүн байсан юм. Цагаан сараар ээжтэй минь золгоно. Нэг ирэхэд нь телевизээр Чоймаа ахын хичээл үзэж суусан ээж минь ихэд цочин гайхаж “Хүү минь чи телевизийн хаанаас гараад ирэв” гэж бөөн инээдэм болж байж билээ.
Чоймаа ахаас би ламахын тухай асууж тэмдэглэж эхэлж байтал юунаас ч болсон юм тэр яриа саарч, дахин төдий л урагшлахгүй байсаар энд цэг тавилаа. Үүнд би маш их харамсаж байна. Уг нь Чоймаа ах “Аавын тухай үнэн худал юм бичигдэх юм. Чамд үнэнийг ярьж өгнө” гэж хэлж байсан юм.
Чоймаа ах минь хадаг болов. Өдөр шөнө мөнхөд амгалан сайн байхын ерөөлийн хадаг болов. Энхрий монгол түмнийхээ ардын багш болов. Эх монгол хэлнийхээ аргамж дархлаа болов. Шаргын говь, Загын хонхор, Тэвхийн өндөрлөгт өндөглөх тэнгэрийн шувуу болов. Ах минь, босоо монгол бичиг шигээ босоо мөнхрөв.
Үржингийн ХҮРЭЛБААТАР
2022.11.14.