Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх" дэлхийн өдөр тохиож байна. "Чихрийн шижинтэй тэмцэх" өдрийг "Эрүүл мэндийн боловсрол Ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ" уриан дор тэмдэглэж байна
Уг өдрийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг "Эрүүл мэндийн боловсрол Ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ" уриан дор эмнэлгээр үйлчлүүлэгч нарт чихрийн шижин өвчний хүндрэл, эрсдэл, арчилгаа, сувилгааны тухай мэдлэг мэдээлэл олгох өдөрлөг, сургалт зохион байгууллаа. Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны нийт хүн амын 5% нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй байгаа юм.
УХТЭ-ийн Бөөр, дотоод шүүрэл судлалын эмч Т.АРИУНТУЯА "Дэлхий дээр нийт 537 сая хүн чихрийн шижинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Түүнчлэн чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогдоогүй байна. Инсулин эмчилгээг нээснээс хойш 100 жил өнгөрсөн ч инсулин болон чихрийн шижингийн эмчилгээний бусад үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд сая сая хүнд хүрч чадахгүй хэвээр байна. Чихрийн шижинтэй хүмүүст эмийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байснаар амь насанд аюултай хүндрэлүүд үүсэх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Чихрийн шижин бол дотроо олон төрөлтэй. Үүнээс 2-р хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин 2-р хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учир үүнийг засахгүйгээр хэчнээн эм уусан ч үр дүн гарахгүй. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эмтэйгээ дүйцэхүйц эмчилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, илүү жингээ хэвийн жин дээр барснаар чихрийн шижингээс сэргийлэх боломжтой.
Чихрийн шижингийн урьтал байдалтай гэж оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчилснөөр эрүүл бүлэгт орох боломжтой юм." гэв.
Эх сурвалж: ЭМЯ