Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар-2022” аяны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэнг нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, зураг урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн цамын дүр, дүрслэлийн талаарх судалгаа хийсэн Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн, Ж.Лувсанжамц нарын судлаачдын судалбар зургуудыг байршуулсан байна.
Уг үзэсгэлэнгээр дамжуулж, монголчуудын соёл, урлагийн хосгүй гайхамшигт үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, өвөг дээдсээрээ бахархах үзэл санааг дэлгэрүүлэхийг зорьжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд цамын хувцас хэрэглэл болон гоёл чимэглэлийн зүйлд шингэсэн хэлбэр төрхийг дээжлэн танилцуулж, тэдгээрийг бүтээсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа сэдлийг бий болгох зорилготойг зохион байгуулагчид нь онцлов.
Үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 1-6-ны хооронд дэлгэнэ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд олон нийт 10:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.
Ташрамд мэдээлэхэд, Монголд цамын бүжиг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлэгдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн уламжлагджээ.
Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг байна.