"Итгэлцэл нь харилцаа холбоог бэхжүүлэгч цавуу юм"

Хамгийн их итгэдэг, хайрладаг хүндээ хууртагдах нь маш хэцүү мэдрэмжийг төрүүлдэг. Тухайн хууралт нь шударга бус хандах, үнэнч бус байх, ямар нэгэн зүйл нуух гэх мэт ямар ч хэлбэрээр илэрч болох ч эдгээр нь бүгд ёс суртахууны зөрчлийг бий болгож сэтгэл санааг хямраадаг. Хэдий тийм боловч хууралт нь харилцааны төгсгөл биш гэдгийг санаарай.

Хууралт зарим хүмүүст харилцаагаа улам бэхжүүлэхэд тусалдаг бол заримд нь эсрэгээрээ нөлөөлдөг. Гэвч харилцаагаа нэгэнт цааш үргэлжлүүлэхээр шийдсэн үед гомдсон тал нь нөгөө талаа уучилж чадах уу? үгүй юу? гэдэг дээр л төвлөрдөг. Уучлал нь эвлэрэх үйл явцад шаардлагатай боловч харилцаагаа урагшлуулахад төдийлөн хангалтгүй байдаг. Харилцаагаа эргэн сэргээх боломжтой эсэх нь итгэлцлийг эргэн сэргээх эсэхээс хамаарна.

Итгэлцэл нь харилцаа холбоог бэхжүүлэгч цавуу юм. Энэ нь аюулгүй байдлыг мэдрэх боломж олгодог бөгөөд өөр хүмүүстэй сэтгэл хөдлөлийн хувьд холбогдоход хүндрэлтэй болгодог. Харилцаа дөнгөж эхэлж байх үед итгэлцэл нь тухайн хүнээ хүндэлж буй хүндлэлийн хэлбэр болдог ба цаг хугацаа өнгөрөх тусам бие биенээ улам сайн таньж мэдэн итгэлцэл илүү гүн гүнзгий болдог. Гэвч хэн нэгэн нь бидний итгэлийг эвдэх үед бид өөртөө итгэх итгэлээ ч алдаж байдаг.

Бусдын хийсэн зүйлийн талаар эргэцүүлж энэ үйл явдал хэрхэн болсон талаар бодож шаналдаг. Хуурагдсаны дараа харилцаагаа урагшлуулахад бусад хүмүүст итгэх итгэлээ сэргээхээс гадна өөртөө итгэх итгэлээ эргэн сэргээх нь маш чухал.

Итгэлийг дахин бий болгох нь:


1. Өөрийгөө уучлах

Бид нөхцөл байдлыг ойлгох гэж хичээх үедээ өөрийн мэдэлгүй яагаад ийм зүйл болсон талаарх тайлбарыг хайж дараах байдлаар өөрийгөө буруутгах гээд байдаг талтай.
– Хэрвээ би илүү дээр байсан бол ийм зүйл тохиолдохгүй байсан
– Хэрвээ би сэрэмжтэй байсан бол ийм зүйл болж болох талаар урьдчилан мэдэх байсан
Мөн би л дээрдвэл, би л өөрийгөө засаж чадвал дахин ийм зүйл болохгүй гэх мэтээр өөртөө хэт хатуу хандах гээд байдаг. Гэвч алдаа дутагдал гаргасан ч, бүтэлгүйтсэн ч өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдэрч, өөрийгөө хайрлаж, сайн сайхан зүйл хүртэх эрхтэй гэдгээ ойлгож түүнд суралцах нь өөрийгөө уучилж буйн хэлбэр юм. Мөн бусад хүмүүсийн үйлдэл нь зөвхөн тэдний сонголт бөгөөд энэ нь тэднийг хэн болохыг харуулж байгаа болохоос таныг хэн болохыг харуулж буй зүйл биш юм. Тиймээс өөрийгөө хайрлаж, өөрийгөө уучлаарай.

2. Бусдыг уучлах

Нөхцөл байдалтай уялдан өөрийн сэтгэл зүйг тайван, тогтвортой болгож чадаагүй тохиолдолд бусдыг уучлах нь маш хүндрэлтэй байдаг. Хүмүүс бусдыг уучлах нь тэдний хийсэн зүйлийг зүгээр өнгөрүүлж буй хэрэг гэж үздэг учир уучлахаас татгалзаж эсвэл уучлах гэж хичээгээд ч чаддаггүй. Гэвч бусдыг уучлах нь буруутай мэдрэмжээс нь чөлөөлж байгаа гэхээс илүүтэйгээр та өөрийн сэтгэл санаагаа тайван тогтвортой, эрх чөлөөтэй болгож буй хэлбэр юм.
Өнгөрсөнд болсон үйл явдлын талаарх жижиг, нарийн хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлэн бусад хүний өнцгөөс харахыг хичээгээрэй. Бусдын өнцгөөс харах гэж оролдох нь тухайн үйл явдлын талаар ойлгож, хувийн зүгээс бус хөндлөнгийн нүдээр ажиглаж ойлгоход тусална. Мөн тухайн хүнийг “хүн” гэдэг утгаар нь буюу “хүмүүс бүгд л адилхан алдаа гаргадаг” гэж хүлээн авах нь уучлахад илүү хялбар болгох болов уу. Уучлах энгийн аргын нэг нь хэрвээ та тухайн хүнээ сайн мэддэг бол тэр хүний сайн зан чанар, хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжийн талаар эргэн санахыг хичээгээд үзээрэй.

3. Өөртөө итгэх

Өөртөө итгэхгүй байх үед бусдад итгэх нь маш хүндрэлтэй байдаг. Хууртагдсан хүмүүс дахин ийм зүйл тохиолдох вий, бидний харилцаа хэвийн бус байх вий гэж бодох үедээ айдаст автдаг. Мөн сэтгэл санааны хувьд хэвийн бус болохоос/жишээ нь: ичихээс, хэн нэгнийг алдахаас, дахин хууртагдах, доромжлуулахаас/ айдаг ба энэхүү айдас нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлж байдаг. Тиймээс бусад хүмүүс хуурахвий, дахин итгэлийг нь эвдэж сэтгэлийг нь шархлуулахвий гэхээс айхын оронд яагаад хэн нэгэн хажууд нь байхгүй ч сайхан амьдрах боломжтой вэ гэдэгт анхаарлаа хандуулж болохгүй гэж…
Зарим хүмүүс сул дорой байх, мөн орхиж чадахгүй байхаас айдаг. Хэрэв сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл тохиолдож байсан бол тухайн харилцааг орхиж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

4. Бусдад итгэх

Бусдад итгэх итгэлийн талаар ганц тодорхой зүйл бол ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ юм. Хэн нэгэнд хуурагдсаны дараа хүмүүс нөхцөл байдлыг үнэлэн ирээдүйд болох зүйлийн талаар таамагладаг. Гэвч бид ирээдүйн талаар тодорхой мэдэх боломжгүй.
Та дараах асуултуудад хариулаарай.
– Тухайн хүн чин сэтгэлээсээ уучлалт гуйж алдаагаа засах хүсэлтэй юм шиг санагдаж байна уу?
– Өөр бусад зүйлсэд үнэнч, шударга ханддаг уу?
– Тодорхой нөхцөл байдлаас хамаарч ийм зүйл тохиолдсон уу?
– Эсвэл энэ үйл явдал нь тухайн хүний зан чанартай холбоотой юу?
– Өмнө нь үүнтэй төстэй байдлаар таны итгэлийг эвдэж байсан уу?
– Том зургаар харахад, уг харилцаанд муугаас илүү сайн зүйл тохиолдож байсан уу?
Тэр хүний алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн хамт байх эсэх нь таны сонголт юм. Итгэл эвдсэн хүн дахин хуурах эсвэл хуурахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэвч айдас, уур хилэнгээс болж бусдад итгэх итгэхгүй байх нь эрүүл бус харилцааг бий болгож, бусадтай дахин сэтгэл хөдлөлийн холбоо тогтооход саад болдог. Харилцаа нь бидний сайн сайхан байдал, амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг. Хүнд хэцүү цаг үе байхгүй байсан бол бид сайн сайхан цаг үеийг үнэлж чадахгүй байх байсан.

Эх сурвалж: www.psychology.mn