Прокурорууд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээх явдалтай тэмцэхээ амлав

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр өнөөдөр /2022.11.02/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан найман орны прокуроруудаас дараас уриалгыг гаргажээ. Уриалгад:


Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргүүд гарсан орон орны прокурорууд бид,

  • Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял шийтгэлээс цаг үргэлж мултарч, сэтгүүлчдийн аюулгүй байдал дэлхий даяар нэн эгзэгтэй нөхцөлд буйд түгшиж,
  • Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь нийт иргэдийн мэдээ, мэдээлэл авах эрхэд нөлөөлөхүйц үр дагаварт хүргэж буйд ихэд санаа зовниж, Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын дор нэгдсэн бид 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан уриалга гаргаж байна.

2010 оноос хойш дэлхий даяар 1000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдсэн бөгөөд зөвхөн 2022 онд 50 хүн сурвалжилга хийх явцдаа амь насаа алдсан тухай RSF-ийн тоо баримт биднийг цочроов.

ЮНЕСКО-ийн мэдээлснээр, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн бараг 90 хувид ял шийтгэл оногдуулдаггүй. Мексикт сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн 88 хувь нь ял шийтгэлгүй үлдсэн хэвээр бөгөөд гэмт хэрэг үйлдэгчид хариуцлага хүлээх нь ховор байдаг. 2009 онд Филиппинд 32 сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт хамгийн их буруутай этгээдүүд сул чөлөөтэй байсаар байна. 1998 онд Буркина Фасод Норберт Зонго, 2006 онд ОХУ-д Анна Политковская, 2017 онд Энэтхэгт Гаури Ланкеш нарын амийг хөнөөсөн хэргийн өдөөн хатгагчид зэрэг олон хүнийг эрх бүхий этгээдүүд сайтар мөрдөн шалгаагүй, тэр бүү хэл хэрэг үүсгээгүйн улмаас ял шийтгэлгүй үлдээсэн.  

Сэтгүүлчийн амь насыг хороосон хэргийг ял шийтгэлгүй үлдээх нь энэ төрлийн гэмт хэргийг үл тоомсорлох, дахин давтагдах явдлыг өөгшүүлж, нийт сэтгүүлчдэд аюул заналхийлэл болно. Сэтгүүлчийн амийг хөнөөх нь ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хөсөрдүүлж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэдний шийдвэр гаргах чадамжийг дордуулж, хүний эрхийн гол цөмийг хөнддөг.

Улс орон болоод хууль эрх зүйн тогтолцооноос үл хамаарч ийм явдлыг таслан зогсооход прокурорууд голлох үүрэгтэй. Сэтгүүлчдэд чөлөөтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд прокурорын хяналтыг системтэй, тууштай хэрэгжүүлэх нь чухал байна. Хүн амины хэргийг хэвлэл мэдээллийн мэргэжлийн ажлын байран дахь аюул, эрсдэл хэмээн хүлцэн тэвчиж үл болно.

Эдгээр шалтгааны улмаас бид тухайн нөхцөл байдалд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргахаа амлаж байна. Нэн ялангуяа, сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэлтэй тэмцэхэд мөрдөн байцаах, яллах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын оролцоотойгоор ЮНЕСКО болоод Олон улсын прокуроруудын холбооны эмхтгэсэн “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн талаарх прокуроруудад зориулсан удирдамж”-ийг хэрэгжүүлэхээ илэрхийлж байна.

Бид сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгахдаа хараат бус, шударга байдлыг сахин хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээхийг таслан зогсооход эрс шийдэмгий, тууштай арга хэмжээ авах, гэмт хэрэг болон хохирогчийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны холбоо хамаарлыг нарийвчлан шалгах зэрэг 10 тодорхой үүрэг амлалт хүлээж байна.

Мөн түүнчлэн үндэстэн дамнасан гэмт хэргийн эсрэг бусад улс орон, олон улсын түвшинд ажиллаж буй мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах үүрэг амлалт авч байна.

Энэхүү уриалга болон 10 үүрэг амлалтыг Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн.

Уриалгад Бразил, Мексик, Гамби, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Конго Браззавиль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Словак, Серби улсуудын дараах төлөөлөл нэгдэн, гарын үсэг зуржээ.

  • Лаура Борболла нь 2012-2015 онд Мексикт Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн асуудлаарх Холбооны Прокурорын газарт (Feadle) прокуророор ажиллаж байсан ба өдгөө Мехико хотын прокуророор ажиллаж байна.
  • Ракел Додж нь 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд Бүгд Найрамдах Бразил Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Тэрбээр авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрхийн чиглэлээр ажилладаг гэдгээрээ нэрд гарсан. Бразил улс 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 110-т орсон.
  • Матус Харкабус нь Словак улсын Тусгай прокурорын газрын прокурор бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэх хэлтэст ажиллаж байна. Тэрбээр 2018 онд сэтгүүлч Ян Куциакийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцан ажиллаж байна.
  • Паскаль Каке нь сүүлийн арван жилд найман сэтгүүлч алагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Итури мужийн Махажи хотын шүүхийн прокуророор ажиллаж байна.
  • Предраг Милованович нь Серби дахь Улсын прокурорын газарт Ерөнхий прокурорын ахлах туслахаар ажиллаж байна. Тэрбээр 2018 онд сэтгүүлч Милан Йовановичийн гэрийг галдан шатаасан хэргийн эзэн холбогдогчийг яллах хүсэлтийг анхан шатны журмаар гаргажээ.
  • Чарден Бедие Нгото нь Бүгд Найрамдах Конго Улсын (Браззавиль) улсын гурав дахь том хот Долиси хотын улсын прокуророор ажилладаг.
  • Хуссейн Томаси нь 2020 оны 12 дугаар сараас хойш Гамби улсын Ерөнхий солиситороор ажиллаж байна. Тэрбээр 2017 онд Хууль зүйн сайдын тусгай зөвлөхөөр ажиллаж байхдаа 2004 онд RSF болон AFP агентлагийн сурвалжлагч Дейда Хайдарагийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2016 онд Ерөнхийлөгч Яхья Жамме огцорсноос хойш Гамби улс дахь хэвлэлийн эрх чөлөөнд ихээхэн ахиц дэвшил гараад байна.
  • Лорд Кен Макдоналд КС нь 2003-2008 онд Англи болон Уэльс дэх Улсын Прокурорын газар (DPP)-ын захирал, Хатан хааны прокурорын албаны даргаар ажиллаж байсан ба өдгөө Оксфордын Уэдхэм коллежийн захирал бөгөөд  Лордын танхимын хүндэт гишүүн юм. Өмнө нь тэрбээр тус танхимд Либерал демократ намыг төлөөлөн сууж байв.

Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Зүүн Ази хариуцсан Товчоо