Төр хог тээвэрлэж төсвөөс татаас авдаг байдлыг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэжээ


Засгийн газрын ХЭГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрхзүйн шинэтгэл” хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөллийн зарим санал, байр суурийг хүргэж байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооны ажлын албаны дарга П.Очирпүрэв, энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг аймаг, сумын Засаг даргатай гэрээ байгуулж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гэрээ байгуулсан ААН-ээр хийлгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл Улаанбаатар хот хог хаягдлаасаа салж чадахгүй байгаа гол шалтгаан нь энэ хуулийн заалт болж байна. Бүх дүүрэг хог хаягдлын тохижилт үйлчилгээний Орон нутгийн өмчит 2-3 компани байгуулчихсан. Гэтэл үүнээс илүү техниктэй, байгаль орчинд ээлтэй, өндөр хурдаар ачдаг, орчныг бохирдуулдаггүй технологитой компаниуд энэ салбарт тээвэрлэлт, үйл ажиллагаа явуулъя гэхээр сонгон шалгаруулалтаа зарладаггүй, гэрээгээ байгуулдаггүй.

Хог хаягдал ачих, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг хүртэл төрийн байгууллагууд ингээд авчихсан, орон нутгийн төсвөөс татаас авдаг. Шинээр ашиглалтад орж буй нийтийн болон амины орон сууцны хорооллууд сайн үйлчилгээ авья гэсэн ч тийм боломжгүй. Тухайлбал 2018 онд Финландын технологийг оруулж ирсэн компанид Хан-Уул дүүргийн зарим хотхонууд хүсэлт өгөхөд Засаг дарга нь зогсоож байсан.

Төрийн хийж буй 500 орчим нэр төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой тооцоо бүхий жагсаалт гарчээ. Ингэснээр 400 тэрбум төгрөгийн эргэлттэй бизнес хувийн хэвшилд үлдэх юм.

Хоёрт, БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, устгах, хадгалах, экспортлох зөвшөөрөлтэй холбоотой журам бий. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, хадгалах, булшлах, экспортлох үйл ажиллагааны зөвшөөрлийг 38 ширхэг бичиг цаас цуглуулсны дараа олгодог.

Хуулиас давсан, сайдын тушаалаар баталсан энэ журмыг эргэн харах шаардлагатай байна. Хог хаягдлыг устгах үйл ажиллагаа явуулдаг цөөхөн компани нь нийслэлд байрладаг учраас орон нутгийн нутаг дэвсгэрээр аюултай хог хаягдал дамжуулж тээвэрлэх шаардлага гардаг. Хувийн хэвшлийн компаниудад орон нутагт хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагаа явуулах боломжийг олгож өгөх хүсэлт тавьж байна.

Монголын Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Бид асуудлаа шийдвэрлүүлэхээр албаныханд бичиг өгөхөд судалж байна, шийдвэрлэх бололцоотой гэсэн бөөрөнхий хариулт өгдөг. Үйлдвэрлэлийн зориулалттай барилга барихад 12 давхар барилга барихтай тэнцэх хэмжээний бичиг цаас шаардаж байна. Үйлдвэрлэлийн зориулалттай 1-2 давхар сэндвичэн барилгыг ашиглалтад хүлээн авах цонхыг нээж өгөөч гээд одоо хүртэл хариу алга.

Сав баглаа, боодлын үндсэн түүхий эд болох ундаа усны савны түүхий эдийг дэлхий нийтийн жишгээр үйлдвэрлэгчийн чанарын шаардлага хангасан баталгааны бичгийг үндэслэн нэвтрүүлдэг атал манай улс заавал шинжилгээ авна гэдэг. Энэ байдал олон улсын жишигт нийцэхгүй байна гээд тухайн түүхий эдийг хил, гаалийн нөхцөлөөс хөнгөвчлөх талаар ХХААХҮЯ-наас ГЕГ руу явуулсан ч шийдвэрлээгүй. Шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг тусгамаар байна.

"Коёотэ" ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, ганц нэг компанийн асуудлаас болж салбарын нэр хүнд унаж буй байдал гардаг. Тиймээс төрөөс хариуцлага нэхэхээс өмнө бид өөрсдөө шаардлагаа тавьж, салбартаа мөрдөгдөж буй стандартаа сайтар мөрдмөөр байна.
Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн дагуу зочид буудлын тооцоог валютаар хийхийг хязгаарласан, валютаар тооцоо хийвэл 3-8 сая төгрөгөөр торгодог. Хуулийн дагуу ББСБ байгуулаад ажиллаж болох ч жижиг ААН-үүдэд ийм боломж хязгаарлагдмал байгааг эргэн хармаар байна.