Гомдол гэж юу вэ?
"Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д тодорхойлсноор "гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд энэхүү зөрчлийг арилгуулахаар зохих байгууллагад хандаж гаргасан хүсэлт юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ямар гомдол харьяалах вэ?
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд Комисст гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
Хэн гомдол гаргаж болох вэ?
- Монгол Улсын иргэн дангаар, эсхүл хамтарч хуульд заасны дагуу гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил гомдол, мэдээлэл гаргах эрх эдэлнэ.
- Хүүхэд болон иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим, эсхүл бүрэн бус чадамжтай хүн өөрт хамаарах аливаа асуудлаар бие даан, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан гомдол, мэдээлэл гаргаж болно.
- Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүний хууль ёсны төлөөлөгч гомдол, мэдээлэл гаргаж болно.
- Ашгийн бус хуулийн этгээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20.1-д заасан эрхийг эдлэх ба "Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн талаар" төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол, мэдээлэл гаргана. Хуульд заасны дагуу төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг нотолсон баримт бичигтэй байна.
Хэрхэн гомдол гаргах вэ?
Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш хоёр жилийн дотор, төрийн албан ёсны хэлээр бичгээр, эсхүл амаар гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд монгол хэлээр орчуулж, зохион журмаар баталгаажуулсан байна.
Гомдол, мэдээлэлд тавигдах шаардлага
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 22-р зүйлд заасны дагуу Комисст гаргах гомдол, мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний ямар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн болохыг заах;
- Гомдол, мэдээлэл гаргагч эцэг/ эхийн нэр болон өөрийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;
- Зөрчигдсөн эрх, эрх чөлөө, болсон нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, нотлох баримтыг хавсаргасан байх;
- Гомдол, мэдээлэлд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлага, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах;
Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй.
Гомдол, мэдээлэл гаргах боломжууд:
- Цахим сайтаар www.nhrcm.gov.mn
- ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтанд хандах
- Төв оффис буюу Улаанбаатар хот, ЧД, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын 11-р байрны 5 давхарт 504, 509 тоотод биечлэн ирж уулзах
- 70 000 222 дугаарын утсаар холбогдон хууль зүйн зөвлөгөө авч, мэдээллийг тэмдэглүүлэх
- Шуудангаар гэх мэт.
Гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?
Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30-60 хоногт багтаан хариу өгнө.