ТӨСӨВ 2023: Л.Оюун-Эрдэнэ: Сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртай


 Монгол Улсын 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртайг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Тэрбээр энэ жилийн төсөв хэд хэдэн онцлогтой, “Монгол Улсын алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж байгааг дурдаад, “Өмнө нь нэг жилээр, нэг Засгийн газар, эсвэл Ерөнхий сайдын үзэмжид тулгуурлаж төсвөө баталж ирсэн. Цаашид аль ч Засгийн газар гарсан хөгжлийн бодлого төлөвлөлт илүү тогтвортой байх, соёлын өөрчлөлт оруулж буйгаараа 2023 оны төсөв реформ юм” тэмдэглэв.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “2022 оны төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдсэн, иргэд аж ахуйн нэжийн дулаан, цахилгааныг хариуцсан, хүүхдийн мөнгөний бодлого ч хүнд үеийг хохирол бага давахад чухал байсан. 2022 оны төсөв боловсруулж байх үед цар тахлын улмаас улсын эдийн засаг -5.3 хувьтай байсан нь 1992 оны нийгмийн шилжилтийн үед ганц удаа тохиолдсонтой адил үзүүлэлт байв. Энэ оны төгсгөлд -5 байсан эдийн засгийн өсөлт 3 хувь болох тооцоолол байгаа нь 7-8 хувийн өсөлт гэсэн үг юм. Иймд 2022 оны төсөв цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэн” гэж дүгнэлээ.

Түүнчлэн, 2023 оны төсөв 2 зүйлээр онцлог гэдгийг тодруулахдаа “Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төсөв, олон улсын тодорхойгүй нөхцөл байдал дунд өргөн баригдаж байна. 2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг давахад чиглэж байсан бол 23 оны төсөв эдийн засгийн макро тэнцвэрийг хадгалагдахад зориулагдаж байгаа” хэмээв.

Л.Оюун-Эрдэнэ цааш нь ярихдаа, “Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой 5-6 хувь байх ёстой. Монгол Улс жилд 40 орчим их наяд төгрөг үйлдвэрлэдгийн 4-ний 1 орчим хувь нь төсөв байдаг. Эдийн засгийн өсөлтөө 10-15 жилд тогтвортой 5-6, чадвал 7-8 хувиар хэтрүүлэхгүй барихыг зорино. Энэ өсөлт хадгалагдах үндсэн суурийг 2023 оны төсвийн бодлого урт хугацаанд тавьж байгаагаараа чухал. Инфляцыг 1 оронтой тоонд аваачиж, үнийн өсөлтөө барихыг зорьж байна. Төсвийн алдагдал өр үүсгэж байгаа тул үргүй зардлаа багасган, халамжаа хумих ёстой. Иймд макро тэнцвэрийг хангахад төсвийн алдагдал бага байх нь чухал. 2023 оны төсвийн өргөн барьснаар нь баталж чадвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрнэ. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, экспортод эерэг нөлөө үзүүлнэ.

Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын шинэ гарцуудыг бий болгоно. Төмөр замаа нээснээр хил дээрээ төмөр зам очсон. Хил холболтын цэг, гүүрэн байгууламжаар холбоно. Засгийн газар аж ахун нэгжүүдтэй хамтраад 200 орчим км төмөр замыг Ханги-Мандал орчимд барьж 11 дүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулснаар төмөр замын 2 дахь гарц бий болно. Үүний дараа Шивээхүрэн, Бичигтийн боомтыг нээснээр төмөр замын 4 гарцтай болж, бүх боомтыг авто замаар холбоно. Агаарын тээврийн либералчлалыг тэлнэ. Ингэснээр Монгол Улсын экспортын орлого 11 тэрбум ам.долларыг давна гэж байгаа.


Ирэх онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг эхлүүлнэ. Тавантолгой, Амгалан ДЦС гэх мэт дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна. Мөн “Эрдэнэс монгол” компанийн үйл ажиллагааг өөрчилж борлуулалтыг ил тод болгон, уул уурхайн бирж байгуулна. Ингэснээр зах зээлд дуудлага худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Хөдөлмөрийн бүтээмжид суурилсан цалингийн шатлал тогтоон, ачаалал ихтэй төрийн албан хаагчид өндөр цалин авдаг болно.

Шинээр хөрөнгө оруулалт тавихгүй. Өмнөх хөрөнгө оруулалтаа 86 орчим хувьтай дуусгана. Төлөвлөлтийг УИХ-ын гишүүд бус ЭЗХЯ хийнэ. Энэ жил зураг төсөл дээр 70-80 тэрбум төгрөг төсөвлөсөн, төлөвлөгөө тооцоогүй, ТЭЗҮ-гүй хөрөнгө оруулалтыг хийхгүй гэхчлэн олон улсын жишиг руу явж байгаа. 2023 оны улсын төсөвт нийтийн тээврийн шинэчлэл, үйлчилгээний чанарыг евро стандартад шилжүүлэхээр шийдсэнтэй адил Улаанбаатар хот ч гэсэн төсвөө тусгах ёстой. Хэт төвлөрөлтэй холбоотой дагуул хот, тухайлбал, Дархан, Багануур зэрэг суурин газар, Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах бодлого барина. Орон нутгийг дэмжих, дэд бүтцийг үе шаттай дэмжих, боловсон хүчин хөдөөд ажиллах нөхцөл бүрдүүлэх, орон нутгийн цалинг 20-30 хувь нэмэх нөхцөл бүрдүүлж байна. Хот руу чиглэвэл үнэтэй, хөдөө рүү чиглэвэл татвараас хөнгөлөх зэрэг дэмжлэгтэй байх шинэчлэлийг ирэх оны төсөвт хийж байна. 2023 онд гадаад өрийг төлөхөд ихээхэн анхаарна. Хөгжлийн банканд оны эцэст гэхэд 1 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэж байгаа” хэмээсэн юм.

Нээлттэй хэлэлцүүлэг нь “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ.