( Аян замын тэмдэглэл )
Саяхан амралтын өдрөөрөө бидний хэсэг горняк ( Оросоор уурхайчин гэсэн үг)-ууд Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, зарим нэг зураг төслийн компанийн удирдлагууд орсон араваад хүнтэй баг явсан юм. Аялалын гол зорилго бол Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээгээр далд уурхайн зураг төсөл зохиогч инженерүүд сүүлийн үед ховордсонтой холбоотойгоор орчин үеийн далд уурхайн техник, технологийн хөгжилтэй танилцуулах явдал байлаа. Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтын ажлын онцлог, менежмент, техник, технологийн сонголт бол манай орны төдийгүй дэлхийн уул уурхайн бүтээн байгуулалтын сонгодог жишээ болоод байгааг бид харж байна. Бахархаж байна. Эднийх ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтдаа дэлхийн уул уурхайн хамгийн сүүлийн ололт амжилт, техник технологи, ноу хауг амжилттай нэвтрүүлж байна. Тэр дундаа монгол инженерүүдийн оюуны чадамж, юмыг түргэн сурдаг овсгоо самбааг гадаад, дотоод удирдлагууд ам нэгтэй үнэлж байлаа. Одоо Оюутолгойд 16885 хүн ажиллаж байгаагийн 96,83% нь монголчууд байгаа аж. Тэдгээрээс 17,7% нь эмэгтэйчүүд байх бөгөөд 3551 хүн нь орон нутгийн иргэд юм. Оюутолгойд ажиллагсдын 77% нь туслан гүйцэтгэгчид гэнэ.
Бид уурхайн ажилчдын гуанзанд өдрийн хоол идсэн юм. Нэг ээлжинд 2500 хүн хооллох хүчин чадалтай уг хоолны газар олон төрлийн амт чанар сайтай халуун хоолоор үйлчилж байх ба хүмүүс нь ч оочер дугаараар дараалан зогсож үйлчлүүлж байх юм. Зарим газар гадаад мэргэжилтнүүд оочиргүй буюу тусгай өрөөнд үйлчилүүлдэг бол энд тийм зүйл ажиглагдсангүй дарга, цэрэг гэлтгүй бүгд л оочерлон зогсоод үйлчилүүлж байгаа харагдана лээ. Эндэхийн хоол, ундаа чамгүй олон төрлийн сонголттой байв. Тэр бүү хэл цагаан хоолтнуудад зориулсан цонх хүртэл байлаа. Ажилтнууд орой үдэш, өглөө эрт, чөлөөт цагаараа фитнест явж, ёог хийж, сагс, гар бөмбөг, ширээний тенис зэргийг тоглодог аж. Тэнд архи дарсны асуудал байхгүй “Сухой закон”-той, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүх бололцоогоор хангасан байна. Энд баар, караоке зэрэг дуулж, бүжиглэх бүрэн боломжтой гэнэ. Ажилчдын байр дулаахан, тохилог, халуун хүйтэн устай, хувцас хунарыг нь хүртэл угаагаад өгчихдөг тул хүмүүс юунд ч санаа зовох шаардлагагүй, зөвхөн ажлаа л сайн хийх үүрэгтэй байх нь. Энэ уурхайд нэн түрүүнд аюулгүй ажиллагаа байх ба ажлын амжилт бүтээл дараагийн асуудал байна. Хэн нэгний ажлын байранд ямар нэгэн аюултай, осолтой зүйл мэдрэгдвэл тухайн ажлаа шууд зогсоогоод удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй ба тэр нь үнэхээр тийм нөхцөл байсан бол түүнийг зэмлэх биш шагнах асуудал яригддаг гэнэ. Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэж үүнийг л хэлдэг байх. Мөн түүнээс гадна ажилтнуудыг аюулгүй ажиллагааны арга барилд сургах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын төв байдаг. Тэнд хичээл заахаас гадна техник, тоног төхөөрөмжүүд дээр бодитоор үзүүлж сургадаг байна. Үйлдвэрийн байр, талбайд бүх хүн хамгаалалтын хувцас, хэрэглэл бүрэн хэрэглэх бөгөөд гадны зочин бидэнд хүртэл иж бүрэн хувцас хэрэглэл тавьж олгон өмсөгсөн билээ.
Оюутолгойн далд уурхайд ороход бүх хүнд духны гэрэл, аваарийн үед хэрэглэх хүчил төрөгчийн баг, тусгай дугаар бүхий хүн нэг бүрийн карт өгдөг аж. Духны гэрэл нь дээр үеийн хүнд том батарейг бодвол авсаархан хөнгөн бөгөөд давхар GPS-тэй гэж байгаа. Тухайн хүнийг хаана байгааг заадаг мэдээллийн төхөөрөмжтэй гэсэн үг. Малгайн дээрх КБ хэмээх жижиг төхөөрөмж нь уурхайн гүнд агаарын хэмжээ багасах үед дохиолол өгөх зориулалаттай хамгаалах хэрэгсэл юм. Дээр үед уурхайчид далд уурхайд орохдоо Канарын бялзуухай хэмээх бяцхан шувууг хармаалж ордог байжээ. Уг шувуу агаар дутагдсан үед дугарч мэдээлэл өгдөг байсан гэдэг. Орчин үед эл шувууны оронд энэхүү төхөөрөмжийг хэрэглэдэг болжээ. Уурхайн гүн рүү орсон бүх хүн тусгай дугаар бүхий картаа уурхайн амны самбарт өлгөөд доошоо орох ба гарч ирээд түүнийгээ авдаг байна. Хяналтын самбарт олон арван карт өлгөөтэй байгаа нь тийм тооны хүмүүс газрын гүнд ажиллаж байгааг илтгэнэ. Хэсэг хэсгээрээ ойролцоо картаа өлгөх бөгөөд гарч ирсний дараа карт самбарт үлдвэл тэр хүнийг үгүйлэх, эрэн хайх ажиллагаа болдог байна. Уурхайн гүн рүү тусгай өргөх машин ( лифт )-д суугаад 1300 метрийн гүн рүү асар хурдтай сүнгэнэхэд чих дүлийрэн мэдрэгдэх нь онгоцонд суугаад асар өндөрт цойлон нисэхтэй агаар нэгэн ажээ. Биднийг 1300 м-ийн гүнд бууж ирэхэд их босоо амны ойролцоо жижиг оворын автобусууд эгнэн зогсох агаад хоёрыг нь бид хөлөглөн хэвтээ малталуудаар сүлжин явлаа. Зарим газар өөдөөс том жижиг төрөл бүрийн машин техникүүд зөрөх ба тэр болгонд хажуугийн малталт руу орж зөрцгөөх аж. Сониноос эдгээр уурхайн гүнд ажилладаг бүх машин ӨМА хэмээх улсын дугаартай байх нь гайхалтай. Зөвхөн үүгээр нь бодоход Өмнөговь аймаг энэ уурхайн хэдэн зуун машин механизмаас ӨЯАММ-ийн татвар авдаг болох нь тодорхой. Мөн уурхайн гүнд нилээд халуун ( +22-оос +26 хэмийн) байгаа нь бид дэлхийн төв Манти рүү ойртосныг илэрхийлнэ. Бүүр их халуун болвол тухайн малталтыг хүйтэн агаараар үлээлгэн сэрүүцүүлдэг байна. Уурхайн малталт бүрд агааржуулалтын бүдүүн хоолойнууд байх ба түүгээр үргэлж цэвэр агаарын урсгал гүйж байдаг байна. Тэр бүхнийг хянах тусгай төхөөрөмжүүд энд тэнд малталтын хананд байрлуулсан байна. Уурхайн гүнд аюул осолын үед орох хорогдох байр хэд хэдийг байгуулсан байлаа. Энэ нь дотроо сэрүүхэн цэвэр агаартай цэлгэр тасалгаа байх агаад осолын үед хэрэглэх нөөц хүчилтөрөгчийн баллонууд, цэвэр ус хураалттай байх ажээ. Бидний очсон малталтад гүний уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилсээр байна. Тухайлбал мөргөцөгөөс олборлосон хүдрийг анхлан бутлах аварга том конусан бутлуур суурилуулах малталтыг эхлүүлж байгааг үзэж танилцлаа. Өөр нэг малталтад блоклон нураах аргын тэсэлгээний цооног өрөмдөж байхтай таарлаа. Simba M7 маркийн аварга том өрмийн машин малталтын тааз өөд өрөмдөх аж. Далд уурхайн олборлолтонд энэхүү блокчлон нураах технологи сүүлийн үед нилээд үр дүнтэй аргад тооцогдож буй. Олон оронд нэвтэрсэн технолги гэж ойлгож болно. Оюутолгойн далд уурхайд нийтдээ 4328 хүн ажилладагаас 10,8% нь буюу 464 эмэгтэйчүүд гэнэ. 1300 метрийн гүнд монгол эмэгтэйчүүд ямар ч асуудалгүй ажиллахын зэрэгцээ ил уурхайд 300 тоннын даацтай аварга автосамосвал жолооддог олон эмэгтэй байдаг гэдгээр бахархах сэтгэл төрж байлаа. Монгол бүсгүйчүүд ээ гэж...
Үргэлжлэл бий.