“Уламжлалт анагаах ухааны засал эмчилгээний аргачлал, тохиолдолд суурилсан сургалт”-нд зүүн бүсийн эмч нарыг хамруулжээ

Эрүүл мэндийн салбараас дэвшүүлсэн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд уламжлалт анагаах ухааны салбарынхан эмнэлгийн мэргэжилтэн түүн дундаа анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгуулах, эмнэлзүйн заавар, эрхзүйн орчныг шинэчлэх, эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч байна.  
Энэ хүрээнд Хэнтий аймгийн  Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулсан зүүн бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.



Тус сургалтын хүрээнд уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол засал хануур болон зүү, нируха, эмийн эмчилгээний онол, дадлагын мэдлэгийг сайжруулах, Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа чанарын хяналтын тогтолцооны талаар туршлага судлах, анхан шатанд ажиллаж байгаа эмч нарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг нь чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин, үйлчилгээний brаnd book нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэн танин тодруулах тэмдэглэгээг гарган, эмчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн багц гарган, ижил мэргэжилтний хяналтын тогтолцоог нэвтрүүлээд байна.

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний нийгмийн хамгааллын баталгааг дэмжих зорилгоор эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалинг 40 хувь нэмж, ажилчдын хүүхдийг саатуулах өрөө,  ажилчдын орон сууцжуулахад чиглэсэг холбогдох арга хэмжээг авч байна.
Мөн ард иргэдэд өвдөхөөс урьдчилан сэргийлэх, идээ унд, явдал мөрийн сургалт зохион байгуулах нэгжийг бий болгон гарын авлага, ном, товхимлыг боловсруулан гаргажээ.

Эх сурвалж: ЭМЯ