Экспорт 38.7 хувиар нэмэгджээ

Монгол Улс энэ оны эхний 8 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.8 тэрбум, импорт 5.6 тэрбум ам.доллар байв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (32.7 хувь) тэрбум, экспорт 2.2 (38.7 хувь) тэрбум, импорт 1.1 (25.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 135 (11.7 хувь) сая, импорт 22.4 (2.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1 (92.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 8 дугаар сард 454.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 112.5 (32.9 хувь) сая ам.доллароор өссөн байна. БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 8.5 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.9 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 53 хувийг чулуун нүүрс, 30.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ. Экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 2.6 тэрбум, алтны экспорт 253 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн хилийн дундаж үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх сарынхаас багасав. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 44.8, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 239.7 ам.доллароор багасжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 3.8 сая тонн болж, өмнөх сарынхаас 843.7 мянган тонноор, үнийн дүн 787.4 сая ам.доллар болж, 41 сая ам.доллароор нэмэгдлээ.

Импортын дүнд энэ оны эхний 8 сарын байдлаар БНХАУ 34.5, ОХУ 30.3, Япон 8.6, БНСУ 5, Америк 3.2, Герман 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.7 хувийг бүрдүүлэв. ОХУ-аас импортолсон барааны 59.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.7 хувийг цахилгаан эрчим хүч, 9.2 хувийг ачааны тэрэг, 86.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 223.2 сая, автобензиний импорт 171.2 сая, суудлын автомашины импорт 146 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.3 хувийг эзэлж байгаа бол импортын 74.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.