ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТУХАЙ

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Тарваган тахлын үүсгэгч Y.pestis зууван хэлбэртэй, Грам сөрөг савханцар бөгөөд аналины будгуудаар хоёр туйлтай будагдана. Тарваган тахлын, нянгийн хоруу өндөртэй омгууд тэжээлт орчинд барзгар гадаргуутай буюу "R„ хэлбэрээр ургана. Тахлын нян саармаг агааргүйтэх бөгөөд үр үүсгэхгүй, хөдөлгөөнгүй, тэжээлт орчинд өсгөвөрлөж, ургуулах тохиромжтой дулаан нь 28 хэм, ээдэмцэр, хоттингерийн агар, загасны ясны гурил, цустай тэжээлт орчинд (рН-7.0-7.2) сайн ургана.Тарваган тахлын нян 37 хэмийн дулаанд бүрээс үүсгэнэ. Тарваган тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд бусад бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн бодисын нөлөөнд тэсвэргүй. 1:1000-ын сульма, 3-5% хлорамин, 3% карболын хүчил, 10%-ын хлорын шохойн сүүн уусмал зэрэг халдваргүйтгэлийн бодисууд, мөн цефалоспорин, стрептомицин, тетрациклин, левомицетин зэрэг олон антибиотикт мэдрэг.  Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно. Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжин хэлхээнд орчилж байдаг зүй тогтолтой. Байгалийн голомтод тахал өвчний нянг мэрэгчийн нэг бодгалиас нөгөөд дамжуулан эпизоотын процессыг нөхцөлдүүлэгч үндсэн дамжуулагч нь бүүрэг юм. Тарваган тахал дараах замаар хүнд халдварлана.

Халдвар дамжих зам:

Шууд хавтлын зам:

Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.

Дам халдварын зам:

Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.

Агаар дуслын зам:

Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.

Хоол хүнсний зам:

Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.

Нууц үеийн хугацаа:

Нууц хугацаа хэдэн цагаас 6 хоног хүртэл үргэлжилнэ.

Өртөмхий бие:

Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр. Өвчилсний дараа дархлаа тогтох боловч дахин халдвар авч өвчилж болно.

Эмнэл зүй:

Өвчин угтал үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрнэ.

Тарваган тахлын эмнэл зүйн хэлбэр:

  1. Арьс
  2. Булчирхай
  3. Уушги
  4. Үжил
  5. Гэдэс
  6. Залгиур хоолой

Оношилгоо:

Бичил харах, ийлдэс судлал, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр оношилдог.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

  • Тарваган тахлын сэжигтэй өвчтөнөөс сорьц авахдаа эмнэлзүйн хэлбэрээс шалтгаална. Эмнэлзүйн аль ч хэлбэрийн үед өвчтөнөөс цус авна.
  • Арьсанд үүссэн эмгэг өөрчлөлт бүхий хэсгээс физиологийн уусмал шингээсэн ариун савхаар арчин авч, 0.5-1мл рН-7.2 бүхий физиологийн уусмалтай хуруу шилэнд хийнэ.
  • Булчирхайг спирт, иод, спирт гэсэн дарааллаар булчирхайн төвөөс зах руу нь арчиж, 0.5-0.7мл физиологийн уусмал бүхий тариурыг булчирхайн төв хэсэгт хатган шахаад буцааж соруулж авна. Цоорсон булчирхай, хатиг, шархнаас гожсон шүүдэс, үхэжсэн хэсгээс сорьц авч болно.
  • Уушгины хэлбэр буюу тахлын хатгалгын шинж тэмдэгтэй тохиолдолд өвчтнөөс цэр, залгиурын арчдас авна.
  • Үжлийн эмнэлзүйн шинж илэрсэн үед шинжилгээнд цус авна. Үүний тулд өвчтөний тохойн хураагуур судаснаас 5-6мл цусыг вакуум тенерт соруулан авч, ариун хуруу шилэнд ханыг дагуулан болгоомжтой юүлнэ.
  • Гэдэсний хэлбэрээр өвчилсэн хүнээс өтгөн, эсвэл шулуун гэдэснээс арчдас авна. Өвчтөний өтгөнөөс 30-50гр-ыг шилэн саванд эсвэл шулуун гэдсэнд ариун бамбарыг 6-7см гүнд оруулж арчиж авна.
  • Өвчтөнөөс антибиотик эмчилгээ дууссаны дараа халдваргүй болохыг баталгаажуулахааар 2 хоногийн зайтай 3 удаа эмнэлзүйн хэлбэрээс хамаарч сорьц аван шинжилнэ.

Цуглуулсан сорьцыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн аргуудаар шинжилнэ.

Сэргийлэх арга хэмжээ:

  • Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд Засаг зхиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулна.
  • Тарваган тахал өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын хэлтэс, штабын хурлаар хэлэлцүүлэн, жил бүр тодотгол хийж, хэрэгжүүлнэ.
  • Хүн амд тарваган тахлын талаар сурталчилгаа хийж, зөв дадал, хандлагыг бий болгох, тарваган тахлын голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.
  • Тарваган тахлын голомттой нутгийг хянах, шинжлэх, байгалийн голомт дахь халдварын эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Олн улсын онгоцны буудалд нисэх онгоц буулгах, хилийн боомтод галт тэрэг, авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулна.