Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрсэн нь дэлхий дахиныг хамран олон жил үргэлжилсэн дэгдэлтийн “эргэлтийн цэг” болж магадгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн лхагва гарагт мэдэгдлээ.
Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, дэлхий дахин “COVID-19”-ийг зогсооход үүнээс илүү байр суурьд хүрч байгаагүй гэдгийг тодотгосон байна.
“Эцсийг нь үзэх хараахан болоогүй байгаа ч төгсгөл ойртож байна” гэж тэрбээр хэлээд, энэ чиглэлд гаргах хүчин чармайлтыг марафон гүйлтийн тамирчин барианы шугамд дөхөн ирсэнтэй зүйрлэн ярьжээ. “Энэ цаг мөчид зогсож огт болохгүй. Харин эсрэгээрээ улам хурдлан, барианы шугамыг давж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх хэрэгтэй” гэсэн байна.
ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийхоос 22 хувиар буурчээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрд халдварын шинэ тохиолдлын тоо олон долоо хоног дараалан үргэлжлэн буурч, өнгөрсөн долоо хоногт халдварын 3.1 сая тохиолдол шинээр илэрсэн нь 28 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Гэхдээ ДЭМБ дэлхийн олон оронд “COVID-19”-ийн тандалт судалгаа хумигдаад байгаа нь олон тохиолдол бүртгэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхааруулсан байна. Мөн коронавирусний тархалт өвлийн улиралд нэмэгдэж болзошгүйг харгалзан халдвартай тэмцэх хүчин чармайлтаа бэхжүүлэхийг уриалаад, өдийг хүртэлх хугацаанд гарсан ахиц дэвшлийг шинэ хувилбарууд үгүй хийж болзошгүйг сэрэмжлүүллээ.
“Хэрэв бид яг одоо энэхүү боломжийг ашиглахгүй бол илүү олон хувилбар шинээр үүсэх, илүү олон хүн нас барах, илүү их саатал тасалдал учрах, улам тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй байна” гэж Т.Гебрейесус цохон тэмдэглэжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, “омикрон”-ы “BA.5” дэд хувилбар дэлхий даяар давамгайлан тархсан хэвээр байгаа бөгөөд нарийвчлан шинжилсэн сорьцуудын 90 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн долоо хоногуудад Европ, АНУ тэргүүтэй орнууд коронавирусний анхны омог болон “BA.5” зэрэг сүүлийн хувилбаруудын эсрэг үйлчлэх вакцинуудад зөвшөөрөл олгох болоод байгаа юм.