О.Батнайрамдал: Нүүрсний ангиллыг олшруулснаар бодит үнэ тогтоох зэрэг олон ач холбогдолтой

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганаар сүүлийн 2 жилд дотоодын экспортлогч компаниудад тулгамдсан экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэв. Өнөөдөр нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь, эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд, нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг 3 дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээг 2 дахин нэмэхийг зорьж байгаа. Энэ дагуу нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнд 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулж, төр, хувийн хэвшлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд өөрсдийн зардлаар гүйцэтгэж байгаа.


УУХҮЯ-наас нүүрсний ангиллыг олшруулснаар нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл

ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ өсөх олон талын ач холбогдолтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тэмдэглэлээ.

“Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална, тусгай зөвшөөрөл олгосон л бол ажиллах нөхцөл боломжийг хангана, төр сайн менежер байж, хувийн хэвшлийн үүрэг ороцлоог нэмэх замаар өрсөлдөх чадварыг бий болгоно” гэдгийг ч Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

Монголын Уул урхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хайгуулыг олон жил хийж, судалдагийг малчид, олон нийтэд ойлгуулах хэрэгтэй байна. Энэ талын механизмыг компаниудын эрхзүйд тусгана гэсэн бол Эдийн засгийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар, “Нүүрсний олон ангилалтай болсныгоо нээлттэй, ил тод хэрэгжүүлье. Уул уурхайн татварын орчныг тогтвортой болгож, мөн өрсөлдөхүйц байх ёстой. Татварын орлогыг үр ашигтай зарцуулах”-ын чухлыг хэлж байлаа.

Өнгөрсөн онд манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ.