Тайванийн дээгүүр пуужин хөөргөсөн Хятадын шийдвэрийг эсэргүүцэх ёстой гэж АНУ-ын адмирал хэлжээ

Тайванийн нутаг дэвсгэр дээгүүр пуужин нисгэх Хятадын шийдвэрийг эсэргүүцэх хэрэгтэй. Эс тэгвэл ийм үйл ажиллагаа байнгын үзэгдэл болно гэж Японы Ёокосүка дахь АНУ-ын байлдааны 7-р флотын дарга, Дэд Адмирал Карл Томас хэлжээ.

Бээжин энэ сард Тайванийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт явуулсан, харин ямар пуужингууд Тайванийн дээгүүр нисгэснийг тогтоогоогүй юм.   

АНУ-ын улстөрч Нэнси Пелоси Тайваньд зочилсны дараа Хятад Тайванийн харилцаан дахь хурцадмал байдал хүчээ авсан ба Тайвань бол Хятадын засаг захиргааны нэг хэсэг гэж үздэг учир уг өндөр түвшний айлчлал Бээжингийн дургүйцлийг хүргэсэн.

Японы Ёокосүка-д суурилсан АНУ-ын 7-р флот нь Америкийн цэргийн Хятад улсад ойрхон хамгийн том цэргийн флот бөгөөд 50-70 усан онгоц болон шумбагч онгоцтой. Тухайн бүс нутагт байгаа Америкийн цэргийн хамгийн том хүч.

"Ийм зүйлийг эсэргүүцэх нь маш чухал. Хятад улс Тайванийн дээгүүр пуужин нисгэж байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ нь маш хариуцлагагүй үйлдэл. Хэрэв энэ үйлдлийг эсэргүүцэхгүй бол Тайвань нэгэнт цэргийн бааз болсон Өмнөд Хятадын тэнгисийн жижигхэн арлууд шиг болно. Тэдгээр арлууд нь пуужинтай, нисэх зурвас болон нисэх онгоцны ангартай, радартай, бусдын радио мэдээллийг чагнах чадвартай цэргийн бүх төрлийн ажиллагаа явуулах боломжтой хуаран юм” гэж Дэд Адмирал Карл Томас өнгөрсөн мягмар гарагт Сингапурын сэтгүүлчид хэллээ. 

Тайванийн нутаг дэвсгэрт бараг долоо хоногийн турш явагдсан цэргийн сургуулилтын үеэр Хятадын шийдвэрээр Тайванийн нисэх онгоц болон усан онгоцны замуудыг хаасан нь тус аралд хориг тавьсантай  адил арга хэмжээ болсон.

Пуужин маш өндөрт ниссэн учир Тайваньд ямар нэг аюул учруулаагүй. Тайванийн Батлан хамгаалах яамнаас Тагнуулын чадвараа нууцлахын тулд пуужин  хаагуур ниссэнийг мэдэгдээгүй. Харин АНУ-д суугаа Японы Элчин сайдын яамнаас "Хятадын нисгэсэн дөрвөн пуужин Тайпэй хотын дээгүүр ниссэн гэж бодож байна" хэмээн  мэдэгдсэн юм.

АНУ Хятад улстай дипломат харилцаатай, харин Тайваньтай албан ёсны харилцаагүй. Гэвч АНУ Тайваньтай тусгай харилцаатай бөгөөд энэ хүрээнд батлан хамгаалалтын зэвсэг худалддаг нь Хятадын санааг зовоосоор ирсэн гэж BBC мэдээллээ.

Эх сурвалж: BBC