“Оюу толгой” 2022 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ

“Оюу толгой” компани 2022 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулжээ.

"Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг 2022 оны зургаадугаар сарын 17 болон долдугаар сарын 1-д амжилттай хийлээ. Энэ бол үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлөвөө хэвээр хадгалж байна."

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Гүний уурхайн хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийсэн нь бид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлдээ хүрэх бидний зорилгын илрэл боллоо. Энэхүү онцлог үйл явдлыг гэрчилсэндээ талархаж байгаа бөгөөд энэ хүртэл цуцалтгүй ажилласан хамт олон, оролцогч талуудаараа бахархаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн амжилтаас гадна бид хамтрагч талуудтайгаа хамтдаа өсөн дэвжиж, байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөм болгон ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард бид “Ханбогд сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө 2040” урт хугацааны, бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар(~150 тэрбум төгрөг)-ын хөтөлбөрийг баталсан. Бат бөх түншлэлээр аливааг хийх бүрэн боломжтой.” гэв.

Үйл ажиллагааны тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.21.
  • Оны эхний хагаст нэг тонн хүдэр боловсруулахад 0.39 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 87.16 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 96.7 хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 91 сая ам.долларыг 2022 оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.74 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 722 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 490 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг гэжээ.