Шинэ коронавирусийн үүсэл гарлыг шинжсэн хоёр судалгаа өчигдөр “Science” сэтгүүлд нийтлэгдэв. Аль аль нь Ковид-19 өвчний дэгдэлт БНХАУ-ын Ухань хотын Хуананы далайн бүтээгдэхүүний захаас эхлэлтэй гэж дүгнэжээ. Өнгөрсөн зургаадугаар сард ДЭМБ эрдэмтдийг Ковид-19 өвчний гарлыг үргэлжлүүлэн судалсаар байхыг уриалсан билээ.
Олон улсын судлаачдын баг халдварын тархалтыг зураглаж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг хөөж үзээд, уг зах дээр зарагдаж байсан хэд хэдэн амьтны вирус нийлж үүсгэгдсэн, улмаар худалдаачдад халдсан гэж дүгнэсэн байна. “Арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө илэрсэн найман тохиолдол бүгд захын баруун талд зарагдаж байсан далайн хөхтөн амьтдаас үүдэлтэй” гэжээ. Тэр хавийн таван лангуун дээр нядлаад удаагүй амьтдыг зарж байсан худалдаачдад вирус халдаж, тэр нь цааш халдварлан тархсан бололтой.
Хоёр дахь судалгааны багийнхан шинэ коронавирусийг үүсгэсэн B төрлийн нян 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд анх амьтнаас хүнд халдсан гэж дүгнэжээ. Харин А нян нь үүнээс хэдэн хоног, магадгүй хэдэн долоо хоногийн өмнө захын худалдаачдад халдсан гэж үзсэн байна.
Шинэ коронавирусийг лабораторид бүтээн, зориуд тархаасан гэх таамаглал багагүй яригдаж ирсэн. Тэгвэл уг судалгааг удирдсан эрдэмтдийн нэг, Калифорнийн их сургуулийн анагаах ухааны дэд профессор Жоэл Вэрдим “Би ч бас лабораторийн гаралтай болов уу гэж таамаглаж байсан. Гэхдээ өөрөө нарийн чамбай судлаад үзсэний эцэст бодол өөрчлөгдсөн. Өнгөрсөн арван жилд янз бүрийн олон вирус судалсан туршлага, мэдээлэлдээ үндэслээд харахад гарцаагүй л тэр захаас гаралтай гэж үзэхээр байна” хэмээн ярьжээ. Дараа дараагийн цар тахлаас сэргийлэхийн тулд яг ямар амьтнаас хэрхэн халдварласныг тогтоох нь чухал гэдгийг судлаачид онцолсон байна. Ингэвэл өвчин гарлаа ч цар тахал болохоос сэргийлж чадах ажээ.
Эх сурвалж: BBC