АН: Монгол улсын гурван иргэн тутмын хоёр нь ажилгүй байна

Өнөөдөр 11 цагаас АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэдний хэлснээр инфляц өсөж буй нь дараах 5 шалтгаантай аж.

Сонгуульд зориулсан популизм 

Уул уурхайн дэд сайд АИ92 өрхийн хэрэглээнийх учир үнийг нь барьдаг. Баян цөөн компаниуд дизель ашигладаг тул үнэ барихгүй гэсэн. Энэ бол үндсэн хуулийн зөрчил мөн. Газар тариалан, барилга, тээвэр гээд эдийн засгийн бодит секторууд дизель хэрэглэдэг. Дизель үнэ өсөх нь инфляцыг хөөргөдөж байна. Засгийн газар оношоо тогтоож чадахгүй байна.

Буруу бодлого

-    Нэг талаас бэлэн мөнгө ихээр хавтгайруулан тарааж, эрэлтийг огцом өсгөх, 

-    Нөгөө талаас бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг цаг алдаж зохицуулах

Засгийн газрын 5,10 их наядын тооцоо судалгаагүй хөтөлбөр мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүллээ. 2020 оны 6 сард мөнгөний нийлүүлэлтийг хэмжих M2 үзүүлэлт 21.5 их наяд байсан бол 2022 оны 6 сард 27.6 их наяд болж даруй 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь 2016 оны улсын төсвийн нийт орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг шинээр хэвлэсэн гэсэн үг.

Гадаад орчин руу чихэж буй нь тархи угаалт 

Хятад- 2,5% инфляцтай гарсан. Япон, Өмнөд Солонгост үнэ харьцангуй тогтвортой байна. 

Африкт бүр дефляци ажиглагдаж байна. Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км-ээсээ Хятадад нийлүүлж чаджээ. 2021 онд Чилийн эдийн засаг 11%, Перу улсынх 13% өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн.

Ажилгүйдэл, ядуурлын өсөлт 

Монгол улсын гурван иргэн тутмын хоёр нь ажилгүй, орлогогүй байгаа нь төр ажлаа огт хийж чадахгүй байгааг харуулах үзүүлэлт. Иргэдийн орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй мөртлөө өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гэрлийн хурдаар өсөж байна. Ядуурлын шугам 180,000 төгрөг байгаа нь хэт бага.

Үнэмлэхүй ялалтаас үнэмлэхүй уналт руу 

Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байна. Авлига өссөн. Замын үүд дээр тээвэрчдийн ажлын байрыг дээрэмдэж авав. 30 шар машин хоосон гарч байна.

Хөшөөний улс болов 

Хөшөө, жүжиг зэрэг нэгдсэн стандартгүй мөнгө угаах боломжтой хэт олон төслүүд төсвөөс санхүүжиж байна. Гэтэл ковидын 5-р давлагаа ихсэж буй үед эмч, сувилагч ба эм, тестийн хомсдолд орж байна.