Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны ээлжит уулзалт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болжээ. Энэ нь Ковид-19 цар тахлын дараах анхны биечилсэн уулзалт аж. Уулзалтын үеэр ардчилал, хүний эрх, хуульт ёс, НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэдэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлээ Монгол Улс, Европын Холбоо дахин нотложээ.
Украин Улсад үүссэн нөхцөл байдалд гүнээ санаа зовниж буйгаа талууд илэрхийлжээ. Улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлах, заналхийлэл хүч хэрэглэхгүй байх, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх шаардлагатай гэдгээ илэрхийлжээ. Энгийн иргэд амь насаа алдах эрсдэлээс зайлсхийх үүднээс дайралтыг яаралтай зогсоох, хүмүүнлэгийн шаардлагатай тусламжийг аюул, саадгүйгээр нэвтрүүлэх нь нэн чухал байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2022 оны 3 дугаар сарын 2, мөн сарын 24 болон 4 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаас баталсан тогтоолд баримталсан байр сууриа Европын Холбоо дахин нотложээ.
Монгол Улсын эдийн засаг, худалдааны тогтолцоог төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, худалдааны бодлогын үр ашгийг нэмэгдүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх амлалтаа Европын Холбоо нотложээ. Газарзүйн заалтын тухай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улс, Европын Холбоо тохиролцов. Европын Холбооны “Дэлхийд гарах гарц хөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүнийг Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах талаар талууд тохиролцжээ.
Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлээрх олон улсын хүчин чармайлтын талаар ярилцсан аж. Цар тахал ард иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа, эрүүл мэндийн салбар, эдийн засагт маш их нөлөөлсөн гэдэгтэй Монгол Улс, Европын Холбоо санал нэгдэв. Онц байдлаас энгийн түвшинд шилжихийн сацуу цар тахлын нөлөөг бууруулах чиглэлээрх хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх нь чухал гэдгийг талууд онцложээ.
Талууд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрлчлөлттэй тэмцэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, НҮБ-ын биологийн төрөл зүйлийн тухай конвенцын бага хурал, Шарм Эл Шэйх хотноо болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурал болон Парисын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт чухал гэдгийг онцлосон аж. Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн тэргүүлэх таван орны нэг болж буйд Европын Холбоо баяр хүргэв. Монгол Улс болон Европын Холбоо нь Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжиж байгаа бөгөөд энэ нь 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн гол зорилт аж.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улс, Европын Холбоо үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улс, Европын Холбоо иргэд хоорондын харилцааны санаачилгуудыг улам бүр дэмжихээр тохиролцсон аж. Энэ хүрээнд Ерасмус+, Мари Склодовска-Кюри хөтөлбөрт Монгол иргэд хамрагдах боломжтой гэдгээ ЕХ нотложээ.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Хүний эрхийн яриа хэлэлцээ 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагуудын хүрээнд хамтрах, Хүний эрхийг хамгаалах олон улсын конвенцууд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудыг батламжлах, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл зэрэг Монгол Улсын эрх зүйн баримт бичгийн төслүүд болон бизнес ба хүний эрхийг хангах үүрэг ролийн талаар хэлэлцсэн аж.
Түүнчлэн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болсон Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаанаар хөгжил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийг хэлэлцжээ.
Мөн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг хийж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлж, газарзүйн заалтын тухай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүч, геологийн чиглэлээрх хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан аж.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дараагийн уулзалтыг 2023 онд Брюссель хотноо хийхээр тохиролцжээ.
Монгол Улс, Европын Холбооны Бодлогын ээлжилт яриа хэлэлцээг ойрын хугацаанд хийхээр болсон аж.
Хамтарсан хорооны уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр даргалж, Европын Холбооны төлөөлөгчдийг Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирлын орлогч П.Пампалони тэргүүлжээ.