Парламент телевизийн тоймч Т.Болд:
Энэ олон арилжааны телевиз, сонин, сэтгүүл, сайтууд бүгдэд нь санхүүжилт хэрэгтэй. Миний харж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гурван янзаар санхүүждэг:
1. Ардаа том эзэн, компанитай цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Гэхдээ тэдний контентууд нь ихэвчлэн эерэг байдаг. Санхүүжилт нь хангалттай учир редакцын бодлогоосоо төдийлөн хазайхгүй. Мэдээж хааяа сенсац, дайралт байх нь ойлгомжтой.
2. Ардаа хувийн улс төрчидтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хамгийн их сенсаци хөөцөлдөн, хувь хүн, хувь бизнес рүү дайрдаг, эерэг мэдээлэл тун ховор. Санхүүжилт хангалттай, Монгол байтугай тив дэлхийг хэрэн, хэнийг ч яаж ч булж булшлахад бэлэн. Мэдээж үнэт зүйл, редакцын бодлогын тухай ярих ч хэрэггүй
3. Дийлэнх олонх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ард нь хэн ч байхгүй учраас реклам, захиалгат контент олж авахын төлөө үхэн хатан ажилладаг хэсэг бас бий. Гэхдээ энэ гурав нь дотроо хоёр янз: Ихэнх нь мөнгө л олж байвал сайн муу ямар ч зүйл хийхэд бэлэн ямар ч үнэт зүйлгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж боддог (Монгол шиг жижиг зах зээлд бараг бүтэшгүй) хэсэг. Маш цөөхөн хэд нь үнэт зүйлтэй, редакцын бодлоготой, зөвхөн тэрэндээ таарсан л захиалгат контент бүтээдэг. Миний багцаагаар энэ гурвын хоёрдугаар хэсэг бол бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн 90 гаруй хувь гэж таамаглаж байна.
Гэхдээ энэ бол зөвхөн мийний л харах өнцөг, ойлголт. Би үүнийгээ туйлын үнэн гэж баталж чадахгүй, тэр тусмаа бүх хүнд таалагдах албагүй. Би өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн салбарт ажилладаг учир аливаа нэр ус заахаас татгалзлаа. Үзэгчид маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дээрх ангиллын призмээр оруулан өөрсдийн дүгнэлтээ хийнэ гэж найдаж байна.