Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна. Монгол улсад 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний дотор умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын түвшин өвчлөлийн түвшин дунджаар 100,000 эмэгтэйд 19.1 тохиолдол, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байгаа нь бүс дотроо өндөр үзүүлэлттэй байна.
"Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг-хамтдаа" сэдвийн дор ухуулга нөлөөллийн уулзалт хэлэлцүүлэгт ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, НЭМҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Сувд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж болон Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, нийслэлийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Аймаг, нийслэлийн ЭМГ, нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, эрүүл мэндийн дэмжих төв, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах албан тушаалтан нар оролцлоо. Уг уулзалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулж байна.
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026, НҮБ-ын хамтарсан “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, хянах” Глобал хөтөлбөрийн хүрээнд баримт бичгүүд гарч хэрэгжсэн хэдий ч умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралт буурахгүй байна. Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг. Энэхүү вакциныг дэлхийн 120 гаруй улс нэвтрүүлснээс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө 90 гаруй улс орон оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд тус бүсийн орнуудаас Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчлэгддэг хавдар юм.
Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхэд баримталж буй бодлогын баримт бичгүүд:
- Монгол улсын засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан монгол улсын засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
- Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2021 оны 360 дугаар тушаалаар батлагдсан “хавдрын эсрэг” арга хэмжээг хэрэгжүүлэх 2021–2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
- Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2022 онд баталсан “умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх” ухуулга нөлөөллийн ажлыг хүрээнд хийгдэх 2022 оны төлөвлөгөө
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэхийн тулд анхдагч урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг нийт хүн амд сурталчлан, таниулах шаардлагатай байна.