Манай уншигчдын олонх нь залуучууд байдаг. Ажил карьераа эхлүүлээд он удаан жил болоогүй тэд урдах ажилдаа анхаараад улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын талаар тэр болгон нарийн мэдээлэл авч, санаа тавьж чаддаггүй. Гэхдээ цаашдаа нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэлтэй залуу хүмүүс энэ төрлийн мэдээнд чих тавьж, улс орноо том зургаар хардаг байх нь зүйтэй билээ. Мэдээлэлтэй иргэн байснаар ажил карьерын хувьд ч зөв шийдвэр гаргана. Тэр тусмаа энэ жил монголчууд бидний хувьд тун хариуцлагатай хандах ёстой сонгууль болно.
Мэдээлэл авахад хялбар болсон өнөө үед “Уурхай л юм чинь ашиг олж байгаа” гэдэг бүдүүн баараг ойлголттой байж болохгүй нь мэдээж. Тиймээс бид манай улсын орлогын гол сурвалж болоод байгаа уул уурхайн салбарын талаар 10 чухал баримтыг өнөөдөр хүргэж байна. Эдгээрийг мэддэг байх нь эдийн засаг, уул уурхайн бусад мэдээг уншиж ойлгоход, адаглаад улс төрчдийн зөв буруу ярьж байгааг гадарлахад тустай.
1. УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГТ ЭЗЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлангаас үзэхэд 2019 онд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн аж. Экспортын орлогын 90 хувь, төсвийн орлого болох 11.9 их наяд төгрөгийн 25.4 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн гэхээр бид энэ салбараас ямар их хамааралтайг харж болно. Тэгэхээр Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой гэсэн юм. Одоогоор бидний олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг аж.
2. ДЭЛХИЙТЭЙ ХАРЬУУЛАХАД МОНГОЛ УЛС ХЭР ИХ БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ ВЭ?
За, Монголд бол уул уурхайн жин нөлөө үнэхээр их юм. Харин бусад улсуудтай харьцуулахад манай баялаг хэр их юм бол? Монгол бол яндашгүй их ашигт малтмалтай, дэлхийд байгалийн баялгаар тэргүүлэгч гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь анзаарагддаг. “Алтан дээр суусан гуйлгачид” гэх мэт хэллэгүүд үүнийг илтгэх мэт.
Тэгвэл үнэндээ дэлхийн хэмжээнд аваад үзвэл Монгол байгалийн баялгийн олборлолтоороо тийм дээгүүрт орохгүй. Хайгуул хийгээд нөөц нэмж илрүүлэх боломж нь нээлттэй байгаа боловч тэр нь маш их хугацаа, хөрөнгө хүч шаардана. Тэгэхээр олборлолт хэр байгаа вэ гэдгийг дараах графикаас харж болно:
3. АШИГ МАЛТМАЛ ТУС БҮРИЙН ОЛБОРЛОЛТЫН ХЭМЖЭЭ
Оюу толгойг бид ямар их ярьдаг билээ, нүүрс тойрч хэр их “хэрэлддэг” билээ? Тэгэхээр зэс, нүүрс зэрэг нь хамгийн их хэмжээтэй байх гэж та багцаалдаж байж магадгүй. Тэгвэл ашигт малтмал тус бүрээс хэр их орлого олдгоо нэг харцгаая.
2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт уул уурхайн салбараас 2,621.56 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
4. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ ЯМАР БАЙГАА ВЭ?
За байгалийн баялагтай байх нэг хэрэг, түүнээсээ орлого олж дунд орлоготой улс болох бас нэг хэрэг. Гэхдээ энэ орлого нь иргэдийн амьдралд наалдаж байгаа юу, амьдралын чанарыг дээшлүүлж байгаа юу гэдэг нь гол асуулт юм.
Өнөөдөр байгалийн баялаг ихтэй 50 улсад 1.5 тэрбум гаруй хүн өдөрт 2 доллараас бага орлогоор амьдарч, дэлхийн ядуучуудын тэн хагас нь байгалийн баялаг ихтэй улсуудад байгаа аж. Байгалийн баялгаа зөв зүйтэй удирдаж чадаагүйгээсээ болж баларсан улсуудын гунигт түүх олон байдаг. Уул уурхайгаас хэт хамааралтай байх нь тухайн улсын ажиллах хүч, хөрөнгийн дийлэнх нь тус салбар луу шилжин, улмаар инфляц үүсгэх буюу бусад салбарыг өрсөлдөх чадваргүй болж уналтад оруулдаг Голланд өвчнийг авчирдгийг санах хэрэгтэй.
Юутай ч иргэдийн амьжиргаатай холбоотой цөөхөн тоог дурдаад дүгнэлтийг танд үлдээе:
- Монгол Улсын ядуурлын түвшин өнөөдөр 28.4 хувьтай байна.
- Дундаж цалин 1,166,383 төгрөг (медиан цалин 843,000) цалин төгрөг байна. 1 кг махны үнэ 10,000 орчим төгрөг, нэг аяга кофены үнэ 4500-5000 төгрөг байна.
- Төгрөгийн ам доллартай тэнцэх ханш 8 жилийн өмнө 1362 төгрөг байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгдэж 2753 төгрөг. Бидний цалин төгрөгөөр өсөж байгаа боловч доллараар багассаар байна.
5. УУЛ УУРХАЙ БА ГАЗАР АШИГЛАЛТ
Уул уурхай хэт хөгжөөд газар нутаг, байгаль орчин сүйдлээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд их байдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын ба ашиглалтын гэсэн хоёр тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд энэ тусгай зөвшөөрөлд хамаарагдах газар нутгийн хэмжээг та доорх графикаас үзээрэй.
2019 оны жилийн эцсийн байдлаар нийт нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 3.8, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 1 байна.Ашигт малтмал, газрын тосны газрын тайлангаас харахад хайгуулын лицензийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа аж. Энэ тоо 2016 онд 2020 байсан бол 2019 онд 1126 болж бараг 2 дахин буурсан нь том орд шинээр нээгдэх магадлал багасаад л байна гэсэн үг.
6. УУЛ УУРХАЙ БА УС АШИГЛАЛТ
Уул уурхайн салшгүй холбоотой нэг ойлголт бол ус ашиглалт. Манай Unread-ийн баг ч мөн яг энэ сэдвээр өнгөрөгч намар хакатон зохион байгуулж, цуврал контент бэлтгээд явж байгаа юм. Уул уурхайн салбарт ус их ашиглагддаг нь үнэн боловч хамгийн их ус ашигладаг салбар биш ажээ. Мөн 2018 онд л гэхэд уул уурхайн салбарт 356.8 сая метр куб /жил ус ашигласан ба үүний 74.5 хувийг дахин ашиглаж, нөхөн сэлбэлтээр 90 сая метр куб ус авч, ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдуулжээ.Мөн Азийн Хөгжлийн Банк манай улсын ус ашиглалтыг дараах байдлаар судалжээ:
- Хөдөө аж ахуй 55 хувь (31% нь усалгаатай газар тариалан, 24% нь мал аж ахуй)
- Ундны усны хэрэглээ (20%)
- Уул уурхай (13%)
- Эрчим хүчтэй холбоотой цахилгаан хөргөлтийн үйл ажиллагаа (10%)
7. УУЛ УУРХАЙ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Олон улсад уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг “Хөрөнгө оруулалт татах чадавх” гэсэн үзүүлэлтээр буюу дараах үндсэн 4 шалгуураар харьцуулан үнэлдэг.
1. Геологи, ашигт малтмалын нөөц
Энэ нь тухайн улсын заяагдмал нөөц гэж хэлж болох бөгөөд нөөцөө зөв зарцуулах л юм бол бид уг үзүүлэлтээр хөрөнгө оруулалт татах боломжтой гэдгийг бид мэддэг болсон. Тэгвэл дараах гурав үзүүлэлт нь цэвэр хүний хүчин зүйлээс хамааралтай юм.
2. Улс төрийн тогтвортой байдал
ДЭЗФ-аас жил бүр гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны тайланд Монгол 141 орноос 102-р байрыг эзэлжээ. Тэр дундаа Институцийн чадавх гэсэн үзүүлэлтээр 90-р байр эзэлсэн нь бусад үзүүлэлттэй харьцуулахад хамгийн өндөр оноо боловч уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах тухайд улс төрийн эрсдэл өндөртэй гэж тооцогдох ажээ.
3. Хууль, эрхзүйн боловсронгуй байдал
4. Дэд бүтцийн хөгжлийн түвшин
Газрын тос, эрчим хүчний импортоос хараат байдаг нь манай дэд бүтцэд сөргөөр нөлөөлдөг. Өрсөлдөх чадварын тайланд Монгол улсын дэд бүтцийн хөгжлөөр 101-р байрт оржээ.
8. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Монгол Улсын уул уурхайтай анхны хууль аль 1914 онд гарч байсныг та мэдэх үү? 1914 онд Богд Хаант засаг ”Алт мөнгөний зэрэг зүйлийн уурхай нээн шийтгэх журам” гэгчийг боловсруулан мөрдүүлж байсан нь сонирхолтой. Тэгвэл монголчууд чөлөөт эдийн засагт шилжээд 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, түүнийгээ 1997 онд шинэчлэн баталсан. Харин одоо мөрдөгдөж буй хууль нь 2006 онд шинэчлэн найруулагдсан юм. Мөн уул уурхайн салбарын зохицуулалтад хамааралтай 16 хууль, 60 орчим дүрэм заавар байгаа ч засаж сайжруулах зүйл нэн их байгаа гэж судлаачид үздэг.
Түүнчлэн зөвхөн хууль гаргаснаар бүх юм сайхан болохгүй. 2017 оны Байгалийн засаглалын индексээс үзэхэд Монголд хуулийн хэрэгжилтийн зөрүү ихтэй гэж дүгнэжээ. Хуулийн хэрэгжилтийн зөрүү нь авлигатай ихээхэн холбоотой юм.
9. ЦААШДЫН ЗОРИЛТ, СТРАТЕГИ
Одоогоор Монгол улсын уул уурхайн салбарт баримталж буй стратегийн гол бичиг баримтуудыг танилцуулъя:
Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал (SDGs) 2030
Төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлогын үзэл баримтлал (SMP) 2014-2025
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
Эдгээр баримт бичгийг Баялгийн Засаглалын Институци байгууллагаас гаргасан аргачлалын дагуу задлан шинжлээд манай судлаачид дараах дүгнэлтүүдийг гаргасан байдаг аж:
- Стратегийн болоод дагалдах бичиг баримтуудад нөөцийн үнэлгээ тусгагдаагүй
- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шаардагдах бодлогын арга хэрэгслүүд,тэдгээрийн нөлөөллийн үнэлгээ бүрэн хийгдээгүй
- Стратегийн бичиг баримтуудыг дагалдан гарч байгаа бодлогууд, хөтөлбөрүүдийн эрэмбэлэлт хэрхэн хийгдэх нь тодорхойгүй
Тэгэхээр товчхондоо Монгол улсын уул уурхайн салбарт баримтлах бодлогын бичгүүд нь өдгөө нэлээд тунхгийн чанартай байгаа гэж хэлж болох юм.
10. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭРСДЭЛ
Уул уурхайн нь маш өндөр эрсдэлтэй салбар юм. Хайгуулын 1000 оролдлого тутмын 1 нь л том орд нээх магадлалтай байдаг гэхээр казиногоос ч бага мэт. Хөнгөн үйлдвэрийн салбарт нэг ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтаас 3-4 дахин их хөрөнгө оруулалт шаарддагийн сацуу эрчим хүч, тээвэр, ус хангамж зэрэг дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Томоохон ордыг нээж ашиглах явц нь 10 жилийн өмнөөс эхлэх ёстой гэж үздэг гэхээр төлөвлөлтийг ч нарийн чанд хийх шаардлагатай.
Тэгээд бас тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнээс нэн хараат байдаг нь хамгийн том эрсдэл гэж болохоор. Жишээ нь саяхан урд хөршид дэгдсэн шинэ коронавирусын халдвар дэлхийн эдийн засагт таагүй нөлөөлөх нь тодорхой болчихоод байна. Ашигт малтмалын үнэд муугаар нөлөөлж байна гэсэн мэдээнүүд эхнээсээ гарч байгааг та анзаарсан болов уу.
Ингээд бодохоор өөрсдөө эрсдэлээ үүрээд ирж буй гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв зүйтэй ухаалаг харилцах нь маш чухал ажээ.