Улмаар дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Тодруулбал, Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ.
Эмээлт орчимд мах боловсруулах чиглэлээр 32 үйлдвэр үйл ажиллагаа явуулдгаас 14 үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нийтлэг зөрчил, дутагдал Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн тул эдгээр 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дүгнэлтийг Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр цуцлаад байна гэж Шадар сайд мэдээлэл өглөө.
Сануулахад, өчигдөр Мах болон хүнсчдийн холбооны төлөөлөл Шадар сайд С.Амарсайхантай уулзсан.
Энэ үеэр Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан. Тиймээс бүх мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа муу гэсэн үг биш. Мөн гадаад руу экспортолдог бүх мах олон нийтэд дэлгэгдээд байгаа шиг байдаггүй. ОХУ, Иран зэрэг улсууд өөрсдийн нарийн хяналтад бэлтгүүлж авдаг учраас хэзээ ч чанар стандартын талаар хөндөгдөж байгаагүй. Иймд ганц, хоёрхон компанийн хууль бус үйлдлээс бусад мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хохирч, цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэж байсан.
Харин Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн амралтын өдрүүдээр мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, гадаад, дотоодод нийлүүлдэг 10-аад аж ахуйн нэгжээр ороход 20 хувь нь л стандартын шаардлага хангаж байна. Энэ бол олон жил хяналт шалгалт сул явсныг харуулж буй” хэмээгээд “Олон жил бугшсан эл асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлж байна. Одоо цэгцлэхгүй бол хохирогч нь иргэд, цаашлаад стандартын дүрэм журмаа мөрдөөд ажиллаж буй олон олон компаниуд хохирч байна. Иймд цаашид хүнсний үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг чангатгаж, нарийн зохицуулалтаар цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын үйлдвэрлэлийн бүх шат дамжлага ил тод, хэрэглэгчид итгэлтэйгээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ч чухал” гэсэн юм.