Эмэгтэй энтерпренёр IV форум дээр АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанганы хэлсэн үг

Өглөөний мэнд, хатагтай, ноёд оо. 

Монголын эдийн засгийг иргэд нь бүтээдэг. Эрэгтэйчүүд төдийгүй бас эмэгтэйчүүд. Тиймээс үүргээ гүйцэтгэж, мөрөөдлөө биелүүлж, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч болж байгаа та бүхнийг энд харахад сайхан байна. Монголын   жижиг, дунд бизнесийн салбар, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн өөрчлөлтийг авчирсаар буй АНУ-ын ОУХА-ийн “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөрийн хүрээнд бид энд хуран цугларлаа. Бүх оролцогсод болоод Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч эрэлхэг эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн бүгдээрээ Монголын залуу ардчиллын анхдагчид билээ.

Эмэгтэйчүүдийн эрх, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих асуудал АНУ-ын гадаад бодлогод голлох байр суурь эзэлдэг нь зөвхөн хийх ёстой зөв зүйл учраас ч биш, харин жендэрийн тэгш байдал нь стратегийн төдийгүй ёс суртахууны үүрэг хариуцлага учраас юм. Монголд хэрэгжүүлж буй АНУ-ын санаачлагууд нь эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг хөтлөх хүч хэмээн үздэг бидний гүн гүнзгий итгэл үнэмшлийн жишээ болдог.   Бизнесийн боломжууд нэмэгдэх, аж ахуй эрхлэх ур чадвар сайжрах, эсвэл илүү бат бэх хэлхээ холбоо үүсэх зэргээр бидний санаачлагуудын бодитой үр дүнг харахад жендэрийн тэгш байдал, эдийн засгийн хөгжил дэвшилд бид тууштай байгаагийн бат нотолгоо болж байдаг.

Жишээлбэл, 2 жилийн өмнө “Америкийн өдрүүд” арга хэмжээний үеэр бид “Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбар дахь эмэгтэйчүүд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, жендэрийн тэгш байдлыг тууштай эрхэмлэдгээ онцлон тэмдэглэсэн. Өмнө нь NASA-д аэронавтикийн инженерээр ажиллаж байсан, STEMBoard-ын Гүйцэтгэх захирал Айша Бөүиг урьж оролцуулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүдэд учирдаг саад тотгорыг арилгахын төлөө байгаагаа бас дахин нотолсон билээ.

Манай ОУХА-ийн санхүүжилттэй төслүүд Монгол даяар эмэгтэйчүүдиийн амьдралд бодит өөрчлөлтүүдийг авчирч байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт айлчлах үеэрээ үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эрэг дээр хөл хөдөлгөөнтэй кофе шоп ажиллуулдаг, урам зоригтой, залуухан, бизнес эрхлэгч эмэгтэйтэй уулзсанаа тодхон санаж байна. Тэрээр багахан тэтгэлгээр шарах шүүгээ худалдан авснаар эхэлсэн бөгөөд дараа нь банкнаас зээл авч бизнесээ өргөжүүлсэн гэсэн. BEST хөтөлбөр зэрэг манай санаачлагууд эмэгтэй энтерпренёруудад хэрэгтэй байгаа дэмжлэгийг нь үзүүлэх замаар тэднийг чадваржуулан, амьдралыг нь хэрхэн өөрчилж байгааг тэр уулзалт тод томруун харуулсан юм.    

2024 он бол BEST хөтөлбөрийн тав дахь буюу төгсгөлийн жил. Хөтөлбөрийн зорилтуудыг ханган биелүүлэхэд Монголын хувийн хэвшил, ялангуяа банк, санхүүгийн түншлэлүүд томоохон үүрэг гүйцэтгэж буйг хүлээн зөвшөөрч, талархах нь зүй ёсны хэрэг юм. Энэхүү хамтын ажиллагаа 2400 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид зээл олгож, 14000 гаруй эмэгтэй энтерпренёрыг сургалтанд хамруулан, эдийн засгийн өсөлт, ачаалал даах чадварыг нь дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэжээ.     

Эдгээр түншлэл нь эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. АНУ-ын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй энтерпренёруудыг чадваржуулах асуудлыг хөхиүлэн дэмжихдээ тухайн орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллахыг ямагт эрмэлзэнэ. Энэ форум дадлага туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй санаа бодлоо солилцож, Монголд эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнес өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэх гэсэн бидний нэгдмэл хүчин чармайлтын илэрхийлэл юм.

Өнөөдөр бүгдээрээ эмэгтэй бизнес эрхлэгчид учирч буй саад тотгоруудыг арилган, боломжуудыг бий болгохын төлөө шинэлэг стратеги, хамтын шийдлүүд дээр төвлөрөн хэлэлцэе. Байгууллагын манлайллаас эхлээд бизнесийн сүлжээгээ өргөжүүлэх, стрессээ удирдах, зах зээл дээр байр сууриа олох зэрэг маш чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөнө. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадваржуулж, хамтын ажиллагааг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшлийн талбарт бид хамтын ялалтад хүрэхийг зорьж байна.      

Та бүхний тууштай чанар, оролцоонд талархаж байна. Хамтдаа бодит өөрчлөлтийг эхлүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн статусыг өргөн, илүү хүртээмжтэй, шударга бизнесийн орчныг бүрдүүлэх үндэс суурийг тавьцгаая. Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд ажил үйлс, алс хэтийн том зорилгод нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.