Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшинг хүлээн авч уулзжээ
Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх #мөрийн_хөтөлбөрт санал хүргүүлж, бизнесийн орчин, татвар, зээлийн хүү, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт тулгамдаж байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ.
Манай улс авлигын индексээр 2015 онд 72 дугаар байрт жагссан бол сүүлийн 8 жилийн хугацаанд 121 дүгээр байрт эрэмбэлэгдэж, даруй 49 байраар ухарсан. Авлигын үзүүлэлт алдагдахын хэрээр бизнес эрхлэлтийн үзүүлэлт доошилж, төрийн албаны үйлчилгээний хүнд суртал, татварын зохисгүй бодлогын үр нөлөө, нэмэгдэж, бизнес эрхлэхэд дарамт учруулдаг.
Ардчилсан нийгэм дэх зах зээлийн эдийн засгийн тогтолцооноос төрийн оролцоо бүхий тогтолцоо бүрэлдэж, уул уурхай, банк санхүү, тээврийн салбарт төр хамгийн том бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн өрсөлдөгч болж байгаа билээ. Иргэд, бизнес эрхлэгчдэд үнийн өсөлт, өр зээлээс гадна татвар, нийгмийн даатгалын дарамт ихээр нөлөөлж байгаа энэ цаг үед Ардчилсан намын зүгээс иргэн, аж ахуй нэгжийн татварын ачааллыг багасгах, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх бодлого баримталж байна.
Ардчилсан намын зүгээс төрийн оролцоог багасгах замаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталснаар бизнесийн бүхий л салбарт үр нөлөөг дээшлүүлэхийн зэрэгцээ хувь хүний эрх чөлөө, хувийн өмчид тулгуурласан чөлөөт зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд бизнесийн орчныг дэмжсэн, хувийн өмчийг хамгаалсан, төрийн хязгаарлагдмал оролцоог хангахад чиглэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна гэжээ.