УЛААНБААТАР – Элчин сайд Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхимын 2023 оны нэгдүгээр сарын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д. Цогтбаатар болон АмЧам Монголын Тэргүүн Гари Биондо нарын хамт оролцож Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэллээ. Элчин сайд Буанган 2022 онд АНУ-ын Монгол Улстай харилцсан харилцааны талаар дурдаад хууль тогтоох үйл явц ил тод бус байгаад санаа зовж буйгаа хэлсэн бөгөөд, Монголын хөрөнгө оруулалтын орчныг “хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй, импортлогч, экспортлогчдын хувьд хүндрэлтэй” хэвээр байгааг шулуухан тэмдэглэв.
“Хөршүүдтэйгээ харьцаж сонголт хийх шийдвэртэй тулгарвал Монгол Улс сонголтоо хүчирхэг орны байр сууринаас хийх боломжтой байхыг бид хүсэж байна” гэж Элчин сайд хэлээд, “Энэ бол Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолыг бататгах, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн бидний сонирхлын үндсэн зорилго юм” хэмээжээ.
Элчин сайдын хэлэх үгийг бэлдсэн байдлаар хүлээн авна уу.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын
2023 оны 1-р сарын хуралдаан дээр
Элчин сайд Ричард Буанганы хэлсэн үг
Улаанбаатар хот, Шангрила зочид буудал
2023 оны 1-р сарын 24, Мягмар гараг
(бэлдсэн байдлаар)
Эрхэм Тэргүүн Гари Биондо, УИХ-ын эрхэм гишүүн Цогтбаатар, АмЧамын гишүүд та бүхний амрыг эрэхийн ялдамд бид бүхний хувьд нэн чухал жил байхаар харагдаж буй энэ оны босгон дээр Монгол дахь Америкийн худалдааны танхимд хандан үг хэлэх боломж олгосонд талархаж байна. Миний бие Монголын Засгийн газрын хамтрагч нартаа сүүлийн үед хэлж байгаачлан энэ жилийг АНУ-Монголын харилцааны хувьд онцлог жил болгоё. Монгол Улсын ардчилсан түншүүдтэйгээ тогтоосон харилцааг гүнзгийрүүлэх замаар бат бэх ардчиллын уламжлал, нээлттэй зах зээлийн институцүүдэд нь хөрөнгө оруулах жил болгоё. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш, мөн анд нөхөр гэдгээрээ бахархдаг гэж би өмнө нь ч хэлж байсан, одоо ч дахин хэлмээр байна. АНУ-Монголын харилцааны асар чухал цаг үед элчин сайдаар ирсэн гэдэгтээ би бат итгэдэг, тиймээс 2023 онд болон түүнээс ч цааш энэ харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажилллая. Энэ талаар бодож буй хэдэн зүйл надад байна, тэрийгээ өнөө өглөө та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.
Бүс нутаг болон дэлхий даяар Ковидын дараах үр нөлөө, Орос Украйнд халдан түрэмгийлсэн, Монголын санхүү, хөрөнгө оруулалтын орчны хүндэлүүд энэ танхимд байгаа хүн бүрт нөлөөлж байна.
Украйны эсрэг Орос улсын өдөөсөн ямар ч учир шалтгаангүй, харгис хэрцгий дайнаас бусад хүндрэл бэрхшээлүүдийн ихэнх нь миний өмнөх элчин сайд 2021 оны 11-р сард та бүхэнд хандан үг хэлж байх үед ч байжээ.
Миний бие эдгээр хэлэлцүүлэгт Элчин сайд Клеческигээс арай өөр өнгө аяс, мэдээж бас өөр туршлага авчирч магадгүй ч эдийн засаг, зах зээлийн хүндрэлүүдийг шийдвэрлэх асуудалд тэрээр та бүхний хамт гол анхаарлаа хандуулж, зарим талаар олсон амжилтууд нь миний хувьд зүг чигээ тодорхойлох баримжаа болж байна.
Тиймээс 2022 онд АНУ-ын зүгээс Монгол Улстай өрнүүлсэн хамтын ажиллагааг эргэн харахдаа энэ нь биднийг 2023 он болон түүнээс цааш хааш нь хөтлөх вэ гэдэг утгаар харцгаая.
Усны хангамжийг нэмэгдүүлж, хаягдал ус дахин боловсруулах Мянганы Сорилтын Корпорацын 462 сая ам.долларын өртөг бүхий компакт гэрээ, АНУ-ын ОУХА-ийн өргөжин тэлж буй хөтөлбөр, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны тухай хэлэлцүүлэг, мөн Украйны эсрэг Оросын өдөөсөн дайны Монголд үзүүлэх үр дагавар зэрэг энд багтана.
Тулгамдсан асуудлаар өрнөж буй тодорхой хамтын ажиллагааны тухайд гэвэл, АНУ-Монголын засгийн газар хоорондын хамтын түншлэл болох 462 ам.долларын өртөг бүхий МСК-ын усны компакт гэрээ хэрэгжиж буйг тэмдэглэхэд таатай байна. Зарим материал хангамжийн асуудал тулгарсныг эс тооцвол хаягдал ус дахин цэвэршүүлэх хамгийн орчин үеийн үйлдвэрийн шавыг өнгөрсөн 8-р сард тавьсан, мөн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил явагдаж байгаа, Туул голын доод эх үүсвэр дээр 30 шинэ гүний худгийн өрөмдлөг хийгдэж байгаа зэргээр төслийн ажил маш ахицтай яваа бөгөөд үр дүнд нь Улаанбаатар хотын усны хангамжийг 80 орчим хувиар нэмэгдүүлэн, нүүрлэж болох байсан усны хомсдлыг зайлуулах юм. Усны хангамжийг нэмэгдүүлэхээс гадна энэхүү компакт гэрээнд ашиглаж буй усны технологиуд нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнийг даван туулах Улаанбаатарын чадавхийг бэхжүүлэх бидний хамтын хүчин чармайлтад бас хувь нэмрээ оруулах юм.
АНУ Монгол дахь ОУХА-ийн багцаа дахин сэргээж, 2022 онд 2021 оны төсвийг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ нэмэлт санхүүжилт нь эрчим хүчний салбарын шинэтгэл ба шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, жижиг бизнесийн санхүүжилт болон ардчиллын институцүүдийг бэхжүүлэх зэрэгт үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэн, улмаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах юм. Түүнээс гадна ялангуяа энэ жил өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан миний бие Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тунхаглал гаргаж, зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж үзүүлэх яаралтай хариу арга хэмжээ авах зорилгоор 100,000 ам.долларын нэмэлт санхүүжилт олгох хүсэлтийг АНУ-ын ОУХА-т хүргүүллээ. Энэ нь гамшгийн бэлэн байдлын чиглэлээр одоо хийгдэж буй ажилд хүч нэмэн, зудад хамгийн их нэрвэгдсэн газрын малчин өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг орон нутагт ажиллаж байгаа манай багийнханд олгох юм.
БНХАУ-ын Ковидын бодлогоос үүдэлтэй хүндрэлүүд болон Украйны эсрэг ОХУ-ын учир утгагүй, түрэмгий дайныг эс тооцвол хоёр талын эдийн засгийн харилцаа бат бэх хэвээр байна. Монгол руу чиглэсэн АНУ-ын экспорт 2021 онд 148 сая ам.долларт хүрч өссөн бол 2022 онд түүнээс давах төлөвтэй байна. Харин Монголоос АНУ руу чиглэсэн экспорт 20 сая ам.долларыг давснаар Ковидын өмнөх түвшиндээ эргэн очиж байна.
Худалдаа аль аль талдаа өсөхийг бид хүсэж байна. Тиймээс бизнесийн орчны шинэчлэлийн төлөөх бидний хамтын хүчин чармайлт экспортлогч болон хөрөнгө оруулагчдыг Монголд буцааж авчрах шилдэг арга зам гэж бид итгэдэг.
Бизнесийн орчныг сайжруулах нь нэн чухал бөгөөд энэ нь Амчамын гишүүдийн манлайллаас шалтгаална.
Юу нь болж байна, болохгүй байна, ямар шинэчлэл хүсэж байна гэдгийг та нараас сонсох хэрэгтэй байна.
Том ч бай, жижиг ч бай, дундах нь ч бай ялгаагүй бид бүхэнтэй, манай эдийн засгийн хэлтсийн дарга Жон Чен, Майкл Ричмондтой ярилцаарай, эсвэл надад шууд хандаарай.
Сайтар бодож боловсруулан хамтдаа хийснээр, мөн бидэнтэй санаа нэг элчин сайдын яамд, худалдааны танхимуудыг оролцуулснаар бид тогтолцоонд хэрэгтэй байгаа шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадна.
Хөрөнгө оруулалтын орчны тухайд Элчин сайд Клечески, манай багийнхан болон та бүхэн надад хэлэхдээ, хэдийгээр засгийн газар, парламентын зүгээс олон нийтэд хандан мэдэгдлүүд хийсэн ч ихээхэн хэмжээний гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг Монгол руу татахуйц сайжруулалтыг өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй байна гэсэн.
Манай 2022 оны Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд хууль тогтоомжийг хэрэгжилт хувирамтгай, ил тод бус, урьдчилан таамаглах боломжгүй, авилгатай байдаг нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахуйц биш, импортлогч, экспортлогчдын хувьд хүндрэл бэрхшээлтэй болгодог гэж тэмдэглэсэн. Үүнээс илүү тодорхой хэлэх боломжгүй.
Бид нөхцөл байдлыг шударгаар үнэлсэн гэж Монголын албаны хүмүүс, хууль тогтоогчид санал нийлсэн төдийгүй өнөөгийн нөхцөлд бүр илүү хурцаар шүүмжилсэн ч үндэслэлтэй харагдах байсан гэж хэлжээ.
2022 он Оюу Толгойн хувьд 2021 оны хэлэлцээр үр дүнтэй болсныг батлан харуулж, Рио Тинто болон Засгийн газар зөрүүтэй асуудлаа шийдвэрлэж чадна гэсэн дохиог тод томруун өглөө.
Бид энэ ололт амжилт дээрээ тулгуурлан урагшлах хэрэгтэй.
Бид аль нэг талд нь орохгүй. Бидний баримтлах тал бол төсөл өөрөө урагшилж байх нь бөгөөд энд хамгийн чухал нь хүлээлтийг бодитоор удирдах явдал юм.
Оюу Толгой хөгжүүлэлтээс тогтвортой үйл ажиллагаанд шилжихэд эрчим хүч, ус, ажиллах хүч, бүсийн хөгжлийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Талууд урьдчилан таамаглаж болохуйц санал зөрөлдөөнийг хамтран шийдвэрлэхийг бид санал болгоно.
Манай 2022 оны Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд Монгол Улс 2014 онд гарын үсэг зурсан боловч одоо хүртэл бүрэн хэрэгжихгүй байгаа АНУ-Монголын Ил тод байдлын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг шулуухан тэмдэглэсэн.
Бүрэн хэрэгжих хугацаа болох 2022 оны 3-р сар аль хэдийн өнгөрсөн болохоор бидний хувьд нэн тэргүүний асуудал бол Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бөгөөд Монголын засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ үүнийг би биечлэн шахаж шаардаж байгаа билээ.
Хууль тогтоох үйл явцад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа УИХ-ыг бид сайшааж байна. Харин засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж болоод Ил тод байдлын хэлэлцээрт зааснаар нөгөө талдаа мэдэгдэх, санал авах, хянан шалгах тухай шаардлагуудыг хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгжилт гэдэг нь олон улсын худалдаа, бизнест нөлөөлөхүйц хууль тогтоомжийн бүх төслийг Монголын Засгийн газар LegalInfo.mn дээр 60 хоногоос доошгүй хугацаагаар нийтэлж, гадаад, дотооодын бизнес эрхлэгчид тэдгээр төсөл дээр саналаа хэлэх боломжтой байхын зэрэгцээ саналыг нь нэг бол хууль тогтоомжид тусгах, эсвэл нийтэд нээллтэй байдлаар хариу өгөхийг хэлнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Энэ хэлэлцээрийг та бүхэн л тууштай, шаргуу, өргөн хүрээнд хэрэглэж байж, хэрэгцээ шаардлагыг нь засгийн газар, парламентад харуулах боломжтой.
Та бүхэн бас бусад худалдааны танхимууд болон иргэний нийгмийн бүлгүүд дотроос холбоотноо хайгаарай гэж би зөвлөмөөр байна.
Нааштай зүйл гэвэл, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, өндөр албан тушаалтнууд бүх шатны шүүгч нарыг сонгох, томилохоос татгалзах, сахилгын арга хэмжээ авах боломжийг хязгаарлах бодитой арга хэмжээнүүд авсан байна.
Энэ өөрчлөлтийн үр нөлөөг хэдэн жилийн дараа л үзэж магадгүй ч чухал ач холбогдолтой өөрчлөлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Бас нэг эерэг зүйл гэвэл шинээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, одоо байгаа хөрөнгө оруулагчдаа урамшуулахын тулд Хөрөнгө оруулалтын ба Ашигт малтмалын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай засгийн газар болон парламент бидэнд хэлсэн.
Тэд хэд хэдэн удаа Амчам болон санаа нэгт холбоодыг хэлэлцүүлэгт урьж, хуулинд ямар өөрчлөлт, ямар байдлаар хийх хэрэгтэй тухай ярилцсан байна.
Эдгээр нь бүгд зөв зүйтэй учир би миний өмнөх элчин сайдын нэгэн адилаар эдгээр өөрчлөлтийг хийнэ гэсэн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Занданшатар нарыг дэмжиж байна.
Харин АНУ болон бусад гуравдагч хөрш орнуудын засгийн газрууд төдийгүй бизнесийн салбарынхан эдгээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц ил тод бус замаар хийгддэг тухайд санаа зовниж байна.
Амчам болон бусад байгууллагууд ч засгийн газрын боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх нь бүү хэл барааг нь ч харах боломж сүүлийн жил гаруй хугацаанд олдоогүй тухай надад хэлсэн.
Дээрх эрхийг парламент дангаараа эдэлж, хуулийн төслөөр мэтгэлцэх боломж нь улам хязгаарлагдмал болж болзошгүй байгаад бизнесийн удирдлагууд санаа зовниж байна.
Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль юм. Монголд үг хэлэх эрхээ эдлэх тал дээр энэхүү хууль асуудлууд үүсгэж болзошгүй байгаа тухай дэлгэрэнгүй яриад яахав. Гэхдээ энэ хуулийн зарим заалтуудыг, ялангуяа хэдэн арван жилийн турш монголчуудын эдэлсээр ирсэн язгуур эрх, эрх чөлөөг ухрааж болзошгүй тэр хэсгүүдийг би нилээд уршигтай гэж харж байна. Ирэх долоо хоногуудад би засгийн газар болон парламентын гишүүдтэй биечлэн уулзаж, энэ асуудлыг хөндөнө. Мөн дипломат түншүүдтэйгээ зөвлөлдөж, өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын ил тод, нээлттэй байдлыг дэмжсээр ирсэн бид бүхний тусын тулд санаа зовнилоо илэрхийлэхэд хүчин чармайлтаа нэгтгэх талаар ярилцах болно.
Дээрх хуулийн талаар олон нийт, хувийн хэвшлийн оролцогчдод мэдээлэл өгөлгүй гэнэт баталсан.
Үг хэлэх эрх чөлөө, та бүхний арилжаа бизнесийн үг хэлэнд ч хамаатай болох нь тодорхой.
Уг хууль гуравхан хоногийн дотор Их хурлын чуулганаар батлагдахад санал авах, зөвлөлдөх, дахин хянахын аль нь хийгдсэнгүй. Та бүхний харж байгаачлан энэ бол буруу зүгт хийж буй алхам юм.
Өөр нэг сэтгэл зовоож буй зүйл нь 2022 онд Төрийн Өмчит Үйлдвэрийн Газруудын (ТӨҮГ) тоо өссөөр байв.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ)-д сүүлийн үед үүсээд байгаа бэрхшээлүүд нь төр ба хувийн хэвшилд ТӨҮГ-уудын үзүүлж буй нөлөөг харуулж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн эдийн засгийн чадамжийг тооцоолоогүй, эсвэл хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, Монгол Улсын төсвийн тогтвортой байдалд үзүүлэх үр нөлөөг харгалзан үздэггүй байна.
Аль ч засгийн газарт ТӨҮГ томоохон ашиг сонирхлын зөрчлийг бий болгодог.
Ийм ашиг сонирхлын зөрчил байгаагаас хувийн хэвшлийн заавал мөрдөх ёстой хууль дүрмийг ТӨҮГ дагахгүй байх боломжийг Засгийн газар нь олгоход хүргэдэг.
Ийм зөрчил байгаагаас ТӨҮГ-аар дамжуулан төлөвлөгдөөгүй төслүүдийг хэрэгжүүлж, Засгийн газрыг ямар нэг үүрэг хариуцлагаас чөлөөлж байгаа мэт боловч Монгол Улсыг санхүүгийн хувьд сулруулж, илүү их өрөнд оруулахад хүргэдэг.
Засгийн газар болон УИХ-ын зүгээс Монгол Улс ТӨҮГ-ын талаар баримтлах хандлагаа өөрчилж, тоог нь бууруулахаа нийтэд зарласан билээ.
Үүнийг бид талархан хүлээж авсан бөгөөд хэрэгжилтийг нь удахгүй харна гэдэгт найдаж байна.
АмЧам болон ижил үзэл санаа бүхий байгууллагуудыг энэ асуудлаар Засгийн газар, олон нийттэй хамтран ажиллахыг бид уриалж байна.
Засгийн газартай харилцах харилцааны хувьд бид Монгол Улсын бие даасан байдлыг нь бэхжүүлэх, эдийн засгийг нь төрөлжүүлэхийн төлөө тууштай түншлэх болно.
Бодит байдал дээр гуравдагч хөршүүдтэйгээ эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх Монгол Улсын бодлогыг бид дэмжих болно.
Макро эдийн засгийн хувьд цар тахлын нөлөөнөөс сэргэх нь 2022 онд ч голлох сорилт байсаар ирлээ.
Өнгөрөгч онд экспортод чиглэсэн эдийн засгийн тэсрэлт болно гэж найдаж байсан боловч цар тахлын эсрэг БНХАУ-ын бодлого уг найдварыг үгүй хийсэн бөгөөд энэ онд ч Хятад Улс хязгаарлалтаа хангалттай хэмжээнд сулруулах эсэхийг бид мэдэхгүй байна.
Ямар ч тохиолдолд, Монгол Улс 2023 онд нөмрөн ирэх нь хэн бүхэнд тодорхой харагдаж байгаа өрийн болон санхүүгийн салбарын сул талуудаа засч залруулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчны асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй.
Украины эсрэг өдүүлсэн ОХУ-ын хэрцгий бөгөөд зөвтгөх боломжгүй дайн Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг хурцатгасныг бид мөн санах ёстой. Барааны нийлүүлэлт, төлбөрийн сувгууд саатаж, Монгол Улсын тогтвортой байдал, аюулгүй байдалд чухал нөлөө бүхийдэлхийн санхүүгийн болон түүхий эдийн зах зээл хямралтай хэвээр байна.
Эдгээр бодит байдлууд нь их хэмжээний гадаад өр үүсгэж, гадаад валютын нөөцийг нимгэлж, санхүүгийн салбарын сулралыг өдөөн, Монгол Улсыг гадаад шок болон гадны дарамтад эмзэг болгосон байна.
Эдгээр бодит байдлууд нь мөнгө санхүүгийн няхуур бодлого хэрэгжүүлэх, банкны салбарын шинэчлэл, улсын зээл, мөн ТӨҮГ-ын талаарх бодлогуудыг сайтар тоцоолж боловсруулан, дэс дараатай хэрэгжүүлэх хандлагыг баримталж чадвал Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдлыг хангах юм.
Эдгээр сорилтуудыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлт чухал байна.
2022 онд ийм байжээ, харин 2023 онд бүгдээрээ хамтдаа юу хийх вэ?
Хариулт нь бид өөрсдийн үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлж сайжруулахад оршино.
АмЧам нь бизнесийн салбарынхны хувьд Засгийн газар болон УИХ-тай хамтран ажиллах тал дээр загвар болж, салбараа тэргүүлж байгааг дурдах хэрэгтэй.
Хэдийгээр хийх, сайжруулах ажил их байгаа ч та бүхний дэмжлэг үр дүнтэй байдаг.
Та бүхний шаргуу чанар болон мэдлэг мэдээлийн ачаар хууль журам төрөн гарч, хэрэгжиж буй газар бүрт АмЧамд зориулсан орон зай хэзээд нээлттэй байдаг.
АНУ-ын Элчин сайдын яам та бүхний хүчин чармайлтыг нээлттэй ч, хөшигний ард ч дэмжсээр ирсэн бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх болно.
Элчин сайдын яамны үүднээс авч үзвэл, бид хууль тогтоомж, зохицуулалтын ил тод байдал, ялангуяа АмЧамын гишүүдэд хамаарал бүхий хууль дээр нэмэгдүүлэх ёстой бөгөөд ингэсэнээр шинээр батлагдах эрдэс баялагийн болон хөрөнгө оруулалтын хуулиудад дэмжлэг болохоос гадна татвар тооцоолох болон маргаан шийдвэрлэх системийн шинэчлэлд ч хэрэгтэй.
Та бүхэн болон бусад бизнесийн салбарынхан энэхүү хоёр хуулийг ихэнх үйл ажиллагааных нь үндэс суурь болох талаараа надад хэлж байсан билээ. Эдгээр хууль нь үнэндээ Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурь юм байна.
Энэхүү хоёр хууль болон бусад хуулийн бий болох замналд боломж гарсан үед зөвлөхийн тулд бид болон санаа нэгт дипломат түншүүд маань та бүхний төлөө та бүхэнтэй хамтдаа бие биенээ дэмжин ажиллах болно.
Засгийн газар болон хувийн хэвшлийг хооронд нь уулзалдуулах чадавхиараа тэдэнд өөрсдийн тулгараад буй сорилтыг танилцуулан, өөр газар туршигдсан хандлагаа зөвлөж болохоос гадна Ил тод байдлын хэлэлцээр гэх мэт хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн үүргээ биелүүлэхийг Монгол Улсад зөвлөж болох юм.
1990-ээд онд Гуравдагч хөрш гэсэн нэр томъёог бий болгосноос хойш Гуравдагч хөршийн үзэл баримтлалд дутагдаж байсан арилжаа худалдааны тулгуур баганыг бий болгохын тулд бид голлох Гуравдагч хөрш гишүүдэд ханддаг билээ.
Сүүлийн гурван сарын хугацаанд АНУ-ын Элчин сайдын яам болон үзэл санаа нэгт нөхөд, түншүүд хамтран эдийн засаг, худалдааны асуудлаар мэдээлэл солилцох, хамтын сонирхол бүхий салбаруудыг тодорхойлох, эдийн засаг, худалдааны ашиг сонирхолд нөлөөлөж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус тусын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хөтөлбөрийг эхлүүлсэн байна.
Ийм хүчин чармайлтын нэг нь саяхан та бүхний зарим нь оролцсон хөрөнгө оруулалтын орчны асуудлаар АмЧам болон санаа нэгтэй улс орнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт юм.
Энэхүү туршилтын арга хэмжээ эерэг үр дүн өгсөн бөгөөд талууд хамтдаа бусад орны танхимуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна.
АмЧам болон түнш танхимуудтай хийсэн уулзалтууд, мөн хэд хэдэн удаагийн Засгийн газар болон Их Хуралтай хийсэн харилцааны үр дүнд энэхүү хүчин чармайлт нь өндөр зэрэглэлийн цуврал арга хэмжээнүүдээр өндөрлөх бөгөөд үүнд би болон надтай санаа нэгт Элчин сайдууд бизнесийн салбарт тулгарч буй гол сорилтуудыг Монголын Засгийн газар болон Их Хуралд хаяглах болно гэж найдаж байна.
Хэрэв энэ арга үр дүнд хүрвэл бид үүнийг ашиглан Монголын шийдвэр гаргагчдын өмнө бусад асуудлаар ил тод мэтгэлцээн өрнүүлэх болно.
Зөвлөмж дэмжлэгийн талаар ийм байна, харин хөрөнгө оруулалтын тал дээр хамтдаа юу хийж чадахаа харцгаая. Бид АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпораци буюу ХСК-ийн хүрээг эрчимтэй өргөжүүлж байна. Өнгөрсөн 10-р сард тэдний Монголд хийсэн айлчлалд та бүхэн дэмжлэг үзүүлсэн нь амжилттай болж, ирэх онд хэрэгжүүлэх хэд хэдэн төслийн санааг боловсруулсан байна.
ХСК өмнө нь OPIC буюу Далайн чанад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпораци гэж нэрлэгддэг байсан хувилбараас илүү том бөгөөд илүү сайн хувилбар юм. ХСК нь ил тод, тогтвортой, хамгийн гол нь хувийн хэвшлийн тэргүүлж буй төслүүдийг дэмжих бөгөөд төслүүдэд Америкийн холбоос байх шаардлагагүй юм.
ХСК Монгол дахь багцаа нэлээд өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд та бүхэн шаардлагатай төслүүдээ санал болгох хэрэгтэй.
Бизнесийн орчинд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч АмЧам нь эдгээр нэгдмэл хүчин чармайлтад бусдыг оролцуулахаар уриалахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Энэ бол хүмүүс болон нөөц бололцоог оголцлын цэг бөгөөд, төгс бус ч ажиллах боломжтой хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлж, Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд удаан хугацааны туршид үгүйлэгдэж ирсэн, заримдаа хүнд хэцүү байдаг ч тууштай хүчин чармайлт юм.
Би Монголын Засгийн газрын нөхөддөө сүүлийн хэдэн долоо хоногт хэлж буй өөр нэг зүйлээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Үүгээр энэ бүхэн АНУ-ын Засгийн газарт яагаад чухал болохыг тайлбарлаж болох юм.
Дарангуйлагч хоёр хөршийн дунд хавчуулагдсан геополитикийн сорилтуудыг харгалзан Монгол Улс ямар эмзэг нөхцөл байдалд орсныг бид хүлээн зөвшөөрч байна. Надад тайлбарласнаар, түрэмгийлэл, дээрэлхэл, олон улсын дүрэм журмыг өөрчлөхийг зорьж буй хорлонтой зан үйлийн эсрэг бид бүгд хамтдаа зогсохын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн Монголоос хүссэн олон сонголтод Монгол Улс төвийг сахисан байр сууринаас хандах ёстой болсон.
Би монгол нөхдөдөө ингэж хэлсэн: бид та бүхнийг хөршүүдтэйгээ харилцаагаа таслахыг ятгах зорилгогүй, харин ч эсрэгээрээ, та бүхэн эрх ашигтаа нийцүүлэн, өөрийн үнэт зүйлдээ нийцүүлэн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Монголын талд ээлтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Хөршүүдтэйгээ харьцах шийдвэртэй тулгарвал Монгол Улс сонголтоо хүчирхэг орны байр сууринаас хийх боломжтой байхыг бид хүсэж байна. Энэ бол Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолыг бататгах, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн бидний сонирхлын үндсэн зорилго юм.
Эцэст нь хэлэхэд, өөрийгөө давтаж байгаа мэт санагдаж байгаа ч та бүхний зарим нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголбанкинд миний хэлсэн үгнээс сонссон байх, бидний харилцааны дараагийн 35 жилийн хугацаанд өнөөг хүртэл биднийг нэгтгэж ирсэн үндсэн нийтлэг үнэт зүйлс маань цэцэглэн хөгжөөсэй гэж хүсч байна. Ардчилалтай улсуудын дунд мандан бадарч, бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц Монгол Улс; Ард түмнийхээ язгуур эрхийг дээдлээд зогсохгүй дэлхийн тавцанд хүн бүрийн эрхийг дээдэлдэг Монгол Улс; Хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэж ирдэг, шинэлэг санаачилга, шаргуу хөдөлмөр нь үр дүнд хүрнэ гэдгийг мэддэг залуу бизнес эрхлэгчид бүхий хүчирхэг, олон талт эдийн засагтай Монгол Улсыг бид харж байна. Монголын ард түмэн итгэл найдвар, хүсэл тэмүүллээ биелүүлэх ирээдүйгээ бий болгож байгаа энэ үед Америкийн Нэгдсэн Улс Монгол Улстай хамт мөр зэрэгцэн зогсож байгаадаа баяртай байна.
Миний ажиллах хугацаанд бид хамтын зорилгодоо хүрэхийн тулд танаас дутахааргүй шаргуу зүтгэл гаргаж, АмЧамын өвөрмөц бөгөөд чухал дуу хоолойг Засгийн газар болон Их Хуралд итгэл үнэмшилтэйгээр хүргэсээр байхын төлөө ажиллах болно. Гуравдагч хөршийн түншлэл Монгол Улсын итгэл найдварыг дааж, хүсэл тэмүүллийг гүйцэлдүүлэх болно.
Та бүхэнд баярлалаа. 2023 оны мэнд хүргэж, ирэх өдрүүдэд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!