“Eduten” платформыг Монгол Улсад туршиж нэвтрүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт БШУЯ-ыг төлөөлөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, “Eduten” компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Хэнри Мүүриймаа нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагч англи, япон, испани, португал, эстони, украин, вьетнам зэрэг олон хэлээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэлээр хөрвүүлж, хэрэглэх боломж нээгдэж байна.
“Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай, багш нарын ажлын ачааллыг бууруулах ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-гийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртжээ.