Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг нээлээ


Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг нээлээ

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус яамны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. 

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.